Багахангай дүүргийн иргэд хорт химийн бодистой тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 01

Нийслэлийн Багахангай дүүрэгт аюултай хог хаягдал хадгалж буй асуудлаар Багахангай дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Х.Цоггэрэл тэргүүтэй нутгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Иргэд нь зөвшөөрөхгүй байхад Багахангай дүүрэгт 220 тн химийн хог хаягдлыг авчирсныг эсэргүүцэж, энэхүү хаягдлаа авч явахыг иргэд шаардаж буй аж.

Тэдгээр иргэд “Хортой хог хаягдлыг устгах, байршуулахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг. Гэтэл ийм эрхгүй хүний албан бичгээр манай нутагт хог хаягдлаа байршуулчихаад байна. Тодруулбал, Хүрээлэн буй орчны газрын дарга н.Энхбатын албан тоотын дагуу химийн хорт хаягдлыг буулгасан. Химийн хортой аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэндэд аюулгүйгээр устгах ёстой. Ийм байтал олон хууль дүрэм зөрчиж байна” гэв.

“Тамбов” Төрийн бус байгууллагынхан энэхүү хаягдлаа ямар ч хоргүй гэж мэдэгдэж байгаа ч зөөж авчирсан машинууд дээр нь хүртэл “аюултай хорт бодис” гэх тэмдэглэгээнүүд нь байгаа. Энэхүү бодис нь Магнийн исэл гэдэг нь тогтоогдсон бөгөөд энэ маш дэгдэмтгий бодис буюу лабортор байхгүй агуулахад, ил залгай хадгалагдаж байгаа юм байна. Гэтэл ус хүргэж болохгүй гэсэн анхааруулгатай химийн бодис нь хэзээ мөдгүй бороо, цасны ус нэвчиж болзошгүй байна. Дүүргийн засаг дарга энэ хорт бодисыг байршуулахгүй гэж бүхий л холбогдох хүмүүст албан бичиг явуулсан ч хариу ирээгүй байгаа юм. Нутгийн нийт 4000 иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгааг онцолсон бөгөөд Багахангай дүүргийн усны нөөцөөс 200 метр хүрэхтэй үгүй газар байрлаж байгааг иргэд хэллээ. Мөн Багахангай дүүргийн иргэд тэмцлийн ямар л хэлбэр байна тэр болгоноор тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top