МҮОНРТВ гэсэн төсвөөс жилд 6 сая доллараар санхүүждэг, том толгойтой ч бэлчээр ч ихтэй хэвлэл мэдээллийн байгууллага байнга л төрийн эрх барьж буй улстөрчдийн халаасанд багтдаг гэж хүмүүс ярьдаг. Өнгөрсөн их хурлын сонгуулийн дараа намар энэ том байгууллагын удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн ихэнхи гишүүд нь солигдоход, одоо л энэ байгууллага жинхэнэ утгаараа, олон нитийн гэх тодотголтой байгууллага болох нь гэж тэнд ажилладаг болон тв үзэж, радио сонсдог жинхэнэ олон нийт бодсон. Үүнд нь тус ҮЗ-ийн гишүүн сэтгүүлч, зохиолч А.Арманы тв, хэвлэлд өгсөн хурц дайчин ярилцлагууд ч чамгүй нөлөөлсөн. Гэтэл саяхан тус радио, тв-ийн удирдлагууд Үндэсний зөвлөлдөө гишүүн А.Арманы талаар “гомдол” гаргажээ. Уг гомдлыг бүрэн эхээр нь дор сийрүүлж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО,
ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
Л.ПҮРЭВДОРЖ ТАНАА
Үндэсний зөвлөлийн гишүүн
А.Арманы ёс зүйн тухай
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж олон нийтийн эрх ашигт үйлчлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Үндэсний хэмжээнд төдийгүй Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг үзэгч сонсогч олондоо цаг тутамд хүргэж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.
Сүүлийн үедМҮОНРТ-ийн үйлажиллагааг илэрхий мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл зарим сонин хэвлэл,сайт, арилжааны телевизээр удаа дараа цацагдах боллоо.
Энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Арман байнга оролцож байгаа нь манай хамт олны дургүйцлийг хүргээд зогсохгүй Үндэсний Радио, Телевизийн нийт ажилтан, удирдлага үзэгч сонсогчдын хооронд үл итгэлцэх байдлыг бий болгох, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх оролдлого болон харагдаж байна.
Бодит байдалтай нийцэхгүй энэхүү мэдээлэл нь хэн нэг иргэний үзэл бодол гэхээсээ илүү ОНРТ-ийн удирдах дээд байгууллага болох Үндэсний зөвлөлийн байр суурь мэтээр ойлгогдож байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний эрх боловч Үндэсний Зөвлөлийн гишүүн А.Арманы удаа дараагийн, энэхүү мэдээллийн асуудлаар Үндэсний зөвлөл хэлэлцэж, бидэнд зохих ёсны хариу өгнө гэдэгт итгэлтэй байна.
/Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арманы сонинд өгсөн ярилцлага, телевизээр дамжуулсан мэдээллийг хавсаргав/
МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛ
Гэжээ. Ингээд бид Үз-ийн гишүүн А.Армантай утсаар холбогдож дараахь тодруулгыг авсан юм.
Сайн байна уу? Таны талаар танай радио, тв-ийн удирдлагууд ҮЗ-д гомдол гаргасаныг бид олж авлаа. Та энэ талаар юу бодож байна?
Харин тэгжээ. Инээдтэй юм болж байна. Миний бие МҮОНРТВ-ийн ҮЗ гишүүнээр сонгогдсноос хойш тэнд үүрлэсэн шударга бус явдалтай хэнээс ч эмээлтгүй тэмцэж, татвар төлөгчдийн мөнгийг хувийн компани мэт захиран зарцуулж, үрэн таран хийдэг бүхэл бүтэн "вант улс"-тай хэр чадлаараа тэмцэж, засаж залруулах, сайжруулах хэмээн хичээн зүтгэж байгаа билээ. Гэтэл МҮОНРТВ-ийн захирлууд надад ил, далд, сайн, муугаар янз бүрээр нөлөөлөх гэж оролдож байгаагийн нэг нь энэ бөгөөд энэхүү гомдол нэртэй соц-ийн үеийн матаасдаа нийт үзэгч түмэн, тэнд ажилладаг хамт олны нэрийг барин байж, хувь хүний үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаад зогсохгүй, МҮОНРТВ-ийн удирдах дээд байгууллага болох ҮЗ-ийн гишүүний бүрэн эрхэд шууд халдаж байгаа ноцтой алхам юм.
Таны тухай бас янз бүрийн материал ч нилээн гарч байсан?
Тиймээ. Саяхан хэнийх болох нь мэдэгдэх сонин болоод сайтууд дээр хэн, хэн хамт сууж байгаад, намайг гутаан доромжлох зүйл захиалж бичсэнийг би сайн мэднээ. Мэдээллээ хэнээс авсанаа ч нуучихъя. Хамгийн гол нь, хүүхэд байхдаа төрсөн ахдаа туслах гэж яваад алдсан алдааг минь 20 жилийн дараа ухаж суудаг, тэрүүгээр миний хийж бүтээх гэсэн бүхнийг харлуулах гэж оролдож байгааг нь харахаар л, минйи хувьд бас өөр нэг их хар нүгэл, алдаагүй, өөлөх юм бага гэдэг нь харагдаад байгаа юм. Шүүхдэлцвэл шүүхдэлцэх л байсан. Гэхдээ би тэдэн шиг хүний хэлсэн, ярьсан зүйлийг бүртгээд суудаг хийх юмигүй амьтан биш. Ний нуугүй хэлэхэд, амьдрал дээр ах дүүстээ туслах бол жинэхнэ эр хүний хийх ажил. Тэр үед тэгж бодоод л, хэрэгт холбогдож, өөрийнхөө амьдралыг ч бөөн саад бэрхшээлтэй болгосон ч, би одоо ч огтхон ч харамсадаггүй. Хүн хайртай, дотно хүмүүстээ туслах бол хамгийн сайн зүйл. Хэрэг төвөгт дагаж орсон нь л тэнэг хэрэг боллохоос. Тэр үед дөнгөж 16-хан настай байлаа шүү дээ. За тэр яах вэ? Ер нь бүр ноцтой зүйл нь, намайг дарамтална, айлгана, ална гэж хүртэл ярьж явсан улсууд энэ нөхдүүд дотор бий шүү.
Та цаашдаа тэмцлээ зогсоох уу?
Улс оронд тэр аяараа шинэчлэлийн салхи салхилж байгаа энэ үед иймхэн юмнаас болж эргэж буцна гэж юу байхав. Харин ч улсын төсвийн мөнгийг увиагүй иддэг нөхдүүд л өөрсдөө цагаа олж болимоор юм. Тэгээд ч миний бие эргүүлээд гомдол гаргах гэж байгаа. Хэдэн тойрон хүрээлэгч нөхөд, үзэгч түмэн, нийт ажилтнуудын нэрийг барьж, ҮЗ-ийн гишүүний бүрэн эрхэнд шууд халдаж байгаа энэхүү асуудлаар ҮЗ болон холбогдох бусад байгууллагуудад гомдол гаргаж, олон нийтийн хөрөнгийг шударга бусаар завчуулдаг тэдгээр нөхдүүдтэй тэмцэх тэмцлээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )