Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII Бага хурлын үр дүнг олон нийтэд сонордуулсан хэвлэлийн бага хурал Төрийн ордны хуралдааны Б танхимд өчигдөр үдээс хойш боллоо.
Уг хурал дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд товч мэдээлэл хийсэн юм. “Гурван өдрийн дотор Бага хурлын хүрээнд 5 удаагийн салбар чуулга уулзалт, 9 удаагийн сэдэвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн 1, хоёр талын маш олон уулзалт, Сайд нарын албан ёсны хурлыг оролцуулаад нийт 18 хуралдаан болж, 100 гаруй хүндэт зочид, төлөөлөгч, иргэний нийгмийн төлөөлөл олон хүн үг хэлж санал бодлоо хуваалцсаны эцэст “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, таван удаагийн салбар форумаас гаргасан зөвлөмж зэргийг албан ёсны баримт бичиг болгон энэхүү тунхаглалд тусгасан”-ыг Гадаад хэргийн сайд Л.Болд онцоллоо.
Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн нэрлэгдэх болсон, Нобелийн шагналт, хатагтай Аунг Сан Суу Чи нарын зэрэг дэлхийн олон орны нэр хүндтэй зочид, төлөөлөгчид ирж албан ёсны яриа хэлцэл хийн, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөж байгаа нь үнэхээр том түүхэн үйл явдал болохыг Л.Болд сайд тэмдэглээд энэхүү том хурлыг эх орныхоо нийслэлд зохион байгуулахыг дэмжиж, уг үйл явдалтай холбоотой бүхий л өөрчлөлт, зохицуулалтыг хүлээн авсан нийслэлчүүддээ, Улаанбаатар хотын захиргаа, төрийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )