Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж туршилтын арилжаагаа эхлүүлснээс хойш ажлын өдөр бүр арилжаа хийж байна. Өнөөдрийн хувьд, нийт 5.4 тэрбум гаруй төгрөгийн 80 гаруй тонн түүхий ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна. Үүнээс зарах захиалгын хэмжээ дийлэнх байв. Ийнхүү өнөөдөр 5.4 тэрбум төгрөгийн хэлцэл хийгдсэн ч үүнээс биелэх арилжааг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй бөгөөд ноолуур худалдах, худалдан авах талууд ХАА-н биржийн Клиринг, төлбөр тооцооны албаар дамжуулан дээрх хэлцлийг биелүүлэх аж. Ноолуурыг биржийн аргаар худалдаж байгаа уг арилжаанд оролцохын тулд “Тэди” төвийн замын эсрэг талд байрлах “Хишиг” төвд биеэр очиж, харилцагч болох хэрэгтэй юм байна.
ХАА-н биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашдаа улам боловсронгуй болгохын тулд биржид ажиллах брокерийн компаниудтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргасан байна. Ингэхдээ, брокерийн компаниудын үйлчилгээний шимтгэл, хураамж нь нийт хэлцлийн дүнгийн 1.0 хувиас доошгүй байхаар тогтоожээ. Уг журам нь тавдугаар сарын 1-нээс эхлэн энэ оныг дуустал мөрдөх юм байна. Биржийн арилжааг нийслэлээс брокерын ажилтнуудаар дамжуулан зүүн гурван аймгийг хамруулан хийж байгаа бөгөөд арилжааны түүхий эд нь эхний ээлжинд ноолуур байх юм.

Сэтгэгдэл ( 0 )