Гадаадад байгаа иргэдээс санал авах комисс байгуулагдав

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.


Тэдгээрийн дотор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комиссыг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар хуульд заасны дагуу тус комиссыг байгуулах шийдвэрийг гаргав. Комиссыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан даргалж, дэд даргаар нь Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн Ш.Солонгоог томилсон байна. Комиссын нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал С.Сүхболд ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яамнаас гадна Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оржээ. Комисс нь сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авахын зэрэгцээ салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг нэгтгэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хянуулахаар хүргүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих зэрэг эрхтэй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top