Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хурал өнөөдөр гурав дахь өдрөө Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хурлын төлөөлөгчид хуваарийн дагуу Сүхбаатарын талбайд 08:15 цагаас дурсгалын зураг авхуулсны дараа 08:30 цагаас 10:00 цаг хүртэл АОХН-ийн Сайд нарын 7 дугаар Бага хурлын нээлт эхэллээ. Төрийн ордны Их танхимд болж буй уг хуралд нийт 800 орчим төлөөлөгч оролцож байна. Хуралдааныг Гадаад харилцааны сайд Л.Болд даргалах бөгөөд Тэргүүлэгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Катринь Аштон, НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Аг Сан Су Чи, Нобелийн шагналт Таваккол Карма, АОХН-ийн ЕНБД Мариа Лайсснар нарын төрийн өндөр албан тушаалтнууд бий.
Хуралдааныг Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааныг нээж үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндсэн илтгэлийг тавих юм. Үүний дараа Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Йинлак Чинават, Бүгд Найрамдах Коста Рика Улсын Тэргүүн Дэд ерөнхийлөгч Альфио Пива Месен, Мьянмарын парламентын гишүүн, Нобелийн шагналт Ан Сан Су Чи, Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Катринь Аштон, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кассым –Жомарт Токаев, Нобелийн шагналт Таваккол Карман, АОХН-ийн ЕНБД Мариа Лайсснар нар үг хэлэх аж. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн илгээсэн видео мэндчилгээг зочид, төлөөлөгчдөд танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )