“Хамгийн гол нь миний сэтгэл зүрхээр дамжин гарч буй бүхэн яг л надад тохиолдсон мэт санаж бичиж байгаа болохоор би өөрөө дуулдаг юм.”
Владимир Высоцкий
Крымийн одон орон судлалын төвийнхэн нэгэнтээ шинээр нээсэн жижиг гаригаа “Влад-Высоцкий” гэж нэрлэсэн байдаг.
Энэ бол газарт мөртэй.Түмэнд нэртэй явсан нэгэн алдартанг тэнгэрт мөнхлөх гэсэн нь тэрээ.
Тэр эрхэм бол Орос ,Зөвлөлтийн театр киноны нэрт төлөөлөгч,дуучин жүжигчин,ая зохиогч Владимир Высоцкий\ 1938-1980 \ юм.
Өнөөдөр Оросын цэцэрлэгчид хамгийн үнэр тансаг тэргүүн зэргийн цэцгээ, уулчид хүрч амжааүй ноён оргилоо чухам түүний нэрээр дуудан алдаршуулах болжээ.
Мөн Высоцкийн бичсэн гайхамшигт шүлгийн мөрүүдээс Аугаа эх орны дайны баатруудын хөшөөнд сийлэн үлдээсэн байдаг.
Түүний уран бүтээлийг 1964 оноос тасралтгүй ажилласан Москвагийн алдарт Таганкийн театраас салган ойлгох аргагүй юм.
Чухам эндээс тэрээр “Чанх дээшээ” \1968 \ кинонд дуулсан анхны дууны хуурцгаа хэвлүүлсэнээр нэр алдар нь түгж эхэлсэн юм. Удалгүй нилээд хэдэн хуурцгаа гаргаж амжсан тэрээр Ленинград \Санкт-Петербург \ хотын “Восток” дууны клубын урилгаар анхны тайлан тоглолтоо хийснээс хойш их дээд сургуулиуд, албан байгууллагуудад урилгаар зочлох болжээ.
Высоцкий Оросын бараг бүх хот, тосгодоор болон Унгар,Болгар,Франц ,Канад ,ХБНГУ,АНУ зэрэг дэлхийн олон орноор зочлон тоглосон байдаг.
Тэрээр хаа сайгүй, уулчдын тосгон, нисэх онгоцон дотор ч дуулсаар байв.
Ялангуяа нисэгчдийн болон усан цэргүүдийн дунд судалтай цамц өмсөж байгаад дуулах дуртай байсаныг найз нөхдүүд нь дурсан ярьдаг.
Высоцкийн хамгийн сүүлчийн тоглолт 1980 оны 7 сарын 16 –нд Калининград хотод болсон байдаг.
Владимир Высоцкий амьдралынхаа туршид нийт 600 гаруй дуу,шүлэг зохиож,театрын тайзнаа 20 гаруй,телевизийн болон уран сайхны киноны 30 орчим,радио жүжгийн 8 дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээж чадсан давтагдашгүй авьяастай уран бүтээлч юм.
Тэрээр тайз дэлгэцнээ олон сайхан дүрийг амилуулж чадсанаас Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетийн дүр бүтээлий нь ноён оргил юм.
Шилээ давсан урт үстэй,”шилбүүр өмдтэй”, битүү захтай хар цамц өмссөн, өвөрмөц содон баргил хоолойтой уртавтар эрүүтэй энэ Гамлет Оросын олон хотууд, хилийн чандад 217 удаа тоглогджээ.
1976 онд Белградын түүхт ойн их наадамд“Гамлет” жүжиг тэргүүн байрын шагнал хүртэж,1977 онд гадаадын хамгийн шилдэг жүжигчинд олгодог Францын утга зохиолын шүүмжлэлийн дээд шагнал, 1980 онд Варшавын бүх ард түмнүүдийн олон улсын II наадмын тэргүүн дээд шагналыг тус тус хүртжээ.
Мөн Высоцкий Москвагийн алдарт Таганкийн театрт тавигдсан олон жүжгийн дууг өөрөө зохион дуулж амилуулж чадсан юм.
Хайр дурлалд хил хязгаар үгүй
“Чи минь хамгийн үнэтэй зүйл болох авьяасаа надад харамгүй зориулж чадсан”.
Марина Влади
Владимир Высоцкий,Марина Влади нарын дурлал ер бусын сонин учралаар эхэлсэн юм.
Марина Владийн гол дүрд нь тоглосон Францын уран сайханы “Увидасч эм” кино Зөвлөлтийн дэлгэцэнд гарсаны дараа ёстой л жинхэнэ” ид шидийн мэт” увидасаар мянга мянган эрчүүлийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байлаа.
Киноны гол дүрийн жүжигчин эмэгтэйн үс засалт,өмссөн хувцас зэрэг нь ч охид бүсгүйчүүдийн тухайн үеийн загварын ертөнцийг тодорхойлж байсан гэхэд хилсдэхгүй юм.
Тэр үед Таганкийн театрийн төдийлөн олонд танигдаж амжаагүй залуухан Володягийн сэтгэлд бусдын адил дэлхийд алдар нь цуурайтсан үзэсгэлэнт жүжигчин бүсгүйг эзэмдэх хүсэл оволзож байв .Өөртөө итгэлийн гал бадрааж тэрээр “Хэзээ нэгэн цагт чи минийх болно...” гэж сэтгэлдээ чанга шивнэж байв.
Гэтэл “Мөрөөдөл биелдэг юм” гэдэг шиг тэд 1967 оны Москвагийн олон улсын кино фестиваль дээр уулзалджээ.
Оросын цагаач Владимир Поляковын охин Марина тэр үед олон арван кинонд тоглон Каннын кино наадмын тэргүүн шагналыг хүртээд амжсан дэлхийн тавцанд нэр нь түгсэн ч хоёр дахь амьдралаа зохиосон нэгэн байлаа.
Высоцкийн хувьд ч нэг бус амьдрал үзсэн үрийн зулай хэдий нь үнэрлэсэн байжээ.
Нар нь гийсэн ерөөлт өдөр ирж Москвагийн олон улсын кино фестивалийн зочид Таганкийн театрт Есениний “Пугачев” найраглалаар хийсэн жүжгийг үзэж сонирхжээ.Энэхүү жүжигт Высоцкий цөлөгдсөн ялтан Хлопушийн дүрд тоглосон бөгөөд Марина Владид жүжгийн тавилт тэр тусмаа Володягийн гайхамшигт тоглолт мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн талаар хожим дурсан ярьсан байдаг.
Тоглолтын дараа болсон хүндэтгэлийн зоогт тэд нэгэн ширээнд таарч Францын алдарт жүжигчин бүсгүйд хандан “Эцсийн эцэст би тантай уулзлаа.Эндээс би явмаар байвч зөвхөн танд зориулан ая барья” гээд оройжин дуулж гарчээ.
Ийнхүү Высоцкий дууныхаа аянд хөглөгдсөн үү,дурлалын галд төөнөгдсөн үү “шунуулж догдлоохгүй хайр-хайр яасан ч бишээ” гэдгийн амтыг насан туршдаа мартахааргүй мэдэрчээ.
Энэ мөчөөс эхлэн Москва-Парисын хооронд хувирашгүй дурлалын бат бэх нэгэн гүүр сүндэрлэн босжээ.
Марина Влади Паристаа эргэн нь ирээд удаагүй байтал нэгэнтээ Москвагаас гэр ийн нь утас руу дуудлага иржээ.Утасны цаанааас хүдэр баргил сөөнгөдүү сонсдох Орос аялгуу нь түүний хамаг бүхнийг хормын төдийд мартагнуулан чих нь хий дүнгэнэн жингүүдэх шиг болгожээ.
Хэдхэн хоногийн өмнө танилцсан Орос жүжигчинн Владимир Высоцкий түүний 13 насандаа алдсан аавтай нь нэр нэгтэй байлаа.\ Владимир\
Эцгээ үгүйлэн санаж бэтгэрсэн бүсгүйн аавын нь төрөлх хэлээр алс холоос гэв гэнэт ярихын чинээ санаагүйд цочирдон тэвдсэн хэрэг билээ.
Үнэхээр энэ утасны дуудлага тэдний хайрын анхны дуудлага болжээ.
Хоёр талаасаа нийлсэн 5 хүүхэдтэй байсан ч тэд албан ёсоор гэр бүл болж чадлаа.Орос,Францын хил хязгаар ч тэдний хооронд саад болж чадсангүй.
Марина Владимирт энгүүн тааваараа,эрх дураараа чөлөөтэй ямар ч хяналт, мөрдлөг сэрдлэггүй ертөнцийг үзүүлэхийг хичээж байсан ч Капиталист оронд амьдрах байтугай зорчиход түмэн хориг саад байсаныг энд өгүүлэх илүүц биз.
Сар жилийг саатан байж хүлээсэний эцэст Парис руу зорчих эрх олгосон нь хожим сонсоход Л.И.Брежнев өөрөө дэмжин зөвшөөрсөн гэдэг.
Ийнхүү Коммунист намын”генсек”-ийн ачаар тэрээр гадаадын олон оронд аялан тоглох гараагаа эхэлжээ.
Варшав ,Парис ,АНУ ,Латин Америкийн олон мянган үзэгчид түүний тоглолтыг талархан хүлээн авч байлаа.
Түүний тоглолт дээр алдарт Питер Брук нулимс унаган,Холливудын од Лайза Миннелли “Гайхалтай.Байж болмооргүй юм” гэж хоолой мэдэн уухайлж байсан гэдэг.
Америкт Владимир Высоцкий,Марина Влади нарыг нэрт зохиолч нутаг нэгт Иосиф Бродский өөрийн гэртээ хүлээн авч дорнын ёсоор дайлсан байдаг.
Эцэст хэлэхэд Марина Влади, Высоцкийн хувьд зөвхөн дурлалын охин тэнгэр нь биш түүний дотоод сэтгэлийг үнэн голоосоо ойлгон онгод билгийг нээн дэлгэрүүлж чадсан амьдралын их хөтөч нь байсан юм.
Л.Мөнхбат
Сэтгэгдэл ( 3 )
shsh ter muu orosuuddaa l od yum bgaa biz ter visotskii ni he he france marina bol aria ooroo
Мишээл бараг илуу бичих байх
Yasan goyo yum be. Chukhamkhuu unen aldartnuudiin tukhai tanai sait l bichdeg shuu. unshsan goyo baina. dakhiad......olon olniig khuleene. bayarlalaa.ajliin amjilt khusie.