Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил зогссон. Учир нь жолооны үнэмлэх хэвлэх гэрээтэй ажилладаг “MDI” компани техник технологийн шинэчлэлт хийх нэрийдлээр 2012 оны зургадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх хэвлэх ажлыг цалгардуулж, иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэж, чирэгдүүлсэн гэж үзэн ЗЦГ-аас уг компанитай хийсэн гэрээгээ цуцалсан юм.
Харин жолооны үнэмлэхийн бэлдэц, бүтэц, дагалдах материал, бусад зүйлийг нийлүүлэх тендер зарлан, “Смарт Солюшинз” гэдэг компани шалгарч, ЗЦГ-тай гэрээ байгуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлсэн.
Тухайн үедээ “Өмнөх үйлдвэрт хэвлэх машин ганц байсан бол шинээр гэрээ байгуулсан компани гурван хэвлэх машинтай тул өдөрт 2000-3000 жолооны үнэмлэх хэвлэж, хүлээгдэж буй жолооны үнэмлэхийг гуравдугаар сар гэхэд хэвлэж дуусгана” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар жолооны үнэмлэхээ гар дээрээ аваагүй иргэд олон байна.
Одоогийн байдлаар өнгөрсөн оны 6-10 дугаар сарын хооронд жолооны курс төгссөн төгсөгчид үнэмлэхээ авсан. Харин түүнээс хойш төгссөн жолооч нарын үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд өдөрт 500-800 жолооны үнэмлэх хэвлэгдэж байгаа аж. Харин үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн ба ангилал ахиулахаар шинэ үнэмлэх захиалсан иргэдийн материалыг авч байгаа бөгөөд үнэмлэхийг тавдугаар сарын нэгнээс хойш хэвлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )