Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл орон гэргүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Нийслэлийн цагдаагийн газраас санаачлан НИТХ, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын санхүүжилтээр орон гэргүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэнийг эрсдлээс хамгаалах нийгэмшүүлэх хөтөлбөрийг эхлүүлж, ажлын үр дүнгээ хэлэлцсэн байна. Энэхүү ажлыг Нийслэлийн цагдаагийн газраас төрийн бус байгууллагуудтай хамтран өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн бөгөөд тусгайлан ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Энэ хугацаанд нийслэлд тэнэмэл байдлаар амьдарч байгаа 695 иргэнийг илрүүлэн бүртгэлжүүлжээ. Нийслэлийн цагдаагийн газраас эдгээр хүмүүсийг нийгэмшүүлэхийн тулд ТББ-уудтай хамтран сэтгэл зүйн эмчилгээг хийжээ. Мөн нийгэмшиж, ажил хийх хүсэлтэй 150 гаруй иргэнийг сонгон авч мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, 41 иргэнийг ажилд зуучлан оруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )