Хятад, Тайванаас АНУ-д импортолсон цагаан будаанаас их хэмжээний хар тугалга илэрсэн байна. Ази, Европ, Өмнөд Африкаас авсан импортын цагаан будаанд хийсэн шинжилгээгээр дээрх хоёр улсын цагаан будаанд агуулагдаж буй хар тугалганы хэмжээ хамгийн өндөр буюу нэг кг будаанд 6-12 мг байсан аж. Хүүхдэд зориулж, цагаан будаагаар хийсэн хүнсний бүтээгдэхүүнд байгаа хар тугалга нь АНУ-д зөвшөөрсөн хэмжээнээс 30-60 дахин өндөр гарсан байна. Чех, Бутан, Итали, Энэтхэг, Тайландын цагаан будаан дахь хар тугалганы агууламж мөн л өндөр байгаа гэнэ. Манай улс ОХУ, БНХАУ, Вьетнам, Япон, БНСУ зэрэг орноос цагаан будаа импортолдог. Мөн АНУ-аас бага хэмжээгээр оруулдаг аж. Гаалийн ерөнхий газрын албаны хүнээс энэ талаар тодруулахад "өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3082.9 тн цагаан будаа гадаадаас авсан бол энэ оны нэгдүгээр сард 486.9 тн-ыг оруулж ирсэн" гэв.
Тэгэхээр манай улс импортын цагаан будаандаа хар тугалганы шинжилгээ яаралтай хийх хэрэгтэй болсныг МХЕГ анхааралдаа авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )