Нэгийг хийж нөгөөг сүйтгэхийг шинэчлэл гэдэг үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 09

Улс дамнасан гэмт хэргийг гаргаахгүй илрүүлж чадах Мөрдөх албатай болох тухай яригдаад тодорхой хугацаа өнгөрөв. Гэхдээ эхлээд  зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий Мөрдөх албаны тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, мөрдөгчийн эрх зүйн байдлыг тогтоох зорилготой гэх Мөрдөх албаны хуулийг батлах ёстой гэж байгаа. Түүнчлэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Тэгвэл энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор эрхмүүдийн байр суурь янз бүр байна. Ер нь бол  хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсантай зэрэгцээд хүчтэй шүүмжилсэн байр сууриуд гарсан билээ. АНУ хүртэл тусгай албадаа 9 сарын 11-ний үйл явдлын дараа нэгтгэх талаар бодлого гарган хэрэгжүүлэх гэж их хүч чармайлт гаргаж байгаа нь тусгай албадыг олон чиг үүрэгтэй жижиглэж болохгүйг илтгэж байтал манайд эсрэгээрээ одоогийн байгаа сөрөх тагнуулын газрыг устгаж гадаад тагнуулын үйл ажиллагаанд хоосон орон зай бий болгох эрсдэлтэй хуулийг гаргах гээд байна гэлцэж байгаа. Тэгвэл ийм хуультай болохын зэрэгцээ  Мөрдөх албатай болох гэж байгаа талаар Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-өлзий байр сууриа илэрхийлэхдээ:   

-Мөрдөх алба бол цагдаагийн газраас тусдаа Хууль зүйн яамны харьяа агентлаг байх юм. Сүүлийн үед үндэстэн дамнасан томоохон хэргүүдийн гаралт өсч байгаа. Хүний наймаа, мөнгө угаах гэмт хэрэгтэй одоогийн цагдаагийн байгууллагын хүний нөөц, арга техникээр тэмцэх боломжгүй. Герман, Англи зэрэг улсын жишгээс харахад Мөрдөх алба гэж тусдаа байгууллага байдаг юм байна. Мөрдөх албаныхан халаасны хулгайтай тэмцэхгүй, харин эсрэгээрээ шинэ төрлийн, зохион байгуулалттай үндэстэн дамнасан хэргүүдэд анхаарлаа хандуулж ажиллах юм. Ер нь бол цагдаагийн байгууллага биш. Тусгай мөрдөгчтэй, шинжээчтэй кинон дээр гардаг шиг ажиллана гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.” хэмээжээ. Тэгэхээр их л чадварлаг албан хаагчид байх нь ээ гэж ойлгогдож байгаа юм.

Тэгвэл өөр бусад нөхдүүдийн энэ талаарх байр суурь ч анхаарал татаж байна. Тухайлбал, МУНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд энэ талаар  “Хагас сайн өдөр өргөн барьсан мөрдөх албаны хууль гээчээ эргэн татахгүй бол бурхан халдунд боогдсон ч юу ч биш болох байх даа Алтантуяа гуай, та нар идэж ууна л биз.  Эх орон ард түмний маань аюулгүй байдлаар тоглохыг зөвшөөрч чадахгүй..... Тухайн улс орны аюулгүй байдал тусгаар тогтнолоо хангах бодит зорилгоос үүдэн тусгай албадыг ямар чиг үүрэг, эрх мэдэл,  хүч хэрэгслээр хангах зэргээ тооцон байгуулдаг тогтсон дэг жаяг байдаг. Монгол шиг жижиг улсад байтугай АНУ хүртэл тусгай албадаа 9,11 үйл явдлын дараа нэгтгэх талаар бодлого гарган хэрэгжүүлэх гэж их хүч чармайлт гаргаж байгаа нь тусгай албадыг олон чиг үүрэгтэй жижиглэж болохгүйг илтгэн харуулж буй чухал факт юм.Мөрдөх албаны хууль батлагдан гарснаар одоогийн байгаа Тагнуулын ерөнхий газарын үүрэг чиглэлд хамаарах нилээн хэсэг үгүй болох ба үндсэндээ сөрөх тагнуулын газар устан үгүй болох улмаар гадаад тагнуулын үйл ажиллагаанд хоосон орон зай бий болох зэрэг урьдчилсан нөхцөл байдал үүсэхээр болоод байгаа юм. Энэ нь үлэмж эрсдэлд орсон улс орны аюулгүй байдлыг хангах ажилд ноцтой хохирол учруулах нь дамжиггүй юм.

Мөн уг хууль батлагдан тухайн алба зохион байгуулагдвал боловсон хүчний хомсдолтой өнөө үед тагнуулын байгууллагын ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан хүмүүсээс сонголт хийхээс өөр арга үндсэндээ байхгүй бүгдийг шинээр зохион байгуулна гэдэг гүйцэтгэх ажиллагаа явуулах эрх хэмжээ нь өргөссөн байгууллагын хувьд боломжгүй зүйл бөгөөд аюулгүй байдал онц ноцтой гэмт хэрэг,үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, зэрэгт онцгой хүндрэл бэрхшээлтэй тулах байтугай улсын нууцын дэглэм, тусгай албадын албаны нууц хадгалалт, мэргэжлийн этикийн хувьд асар их эрсдэл дагуулсан үйл ажиллагаа болно.Энэ нь үндсэндээ улс орныг нүд чихгүй болгон тусгай албадыг улс төрийн намуудын, болон нийгмийн тусдаа бүлэг хоорондын зөрчилд үйлчилэх аюулыг дагуулж байгаа нь нууц биш юм.” гэсэн байна.

Харин салбарын сайд Х.Тэмүүжингийн байр суурийг сонирхвол “Бид далд зохион байгуулалтад байгаа хэргийг илрүүлэх талаар анхаарч ажиллах ёстой. Тиймээс ч Мөрдөх албаны тухай хуулийг батлуулахаар ажиллаж байна.  Хууль батлагдсанаар Монголд анх удаа зохион байгуулалттай, далд үйлдэгддэг, улс дамнасан гэмт хэргийг мөрддөг шинэ алба үүсэх юм. Ингэхдээ шинжлэх ухааны шинэ техник технологи, шинэ аргачлалыг ашигладаг нэлээд хүчирхэг алба байх юм. Цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц нь иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хулгай, дээрэм гэх мэт хэргүүдийг л мөрдөхөд зориулагдсан зохион байгуулалттай. Гэтэл өнөөдөр шинэ төрлийн гэмт хэргүүд нь далд байдалд өндөр эрх мэдлийн хүрээнд, маш их хэмжээний мөнгө эргэлдүүлж, хил хязгааргүйгээр тэлж байна. Хулгай, дээрэм зэргийг гарсных нь дараа мөрдөж илрүүлдэг. Харин далд үйлдэгддэг хэргүүдийн хувьд урьдчилан сэргийлэх хэрэгтэй болдог. Энэ мэт маш онцлогтой учир бид шинэ арга барил, шинэ түвшин, шинэ эрхзүйн бодлогоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээс өөр аргагүй болж байна” хэмээн ярьж байгаа юм. Мөн тэрээр  “Энэ бол цагдаагийн харьяа байгууллага биш. Одоо цагдаагийн харьяа гэдгийг өөр байдлаас харах хэрэгтэй болж байна. Цагдаа гэдгийг чиг үүргийнх нь хувьд хоёр хувааж байгаа. Хэв журам сахиулах, өргөдөл гомдлоос үүдэлтэй мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах ажлыг цагдаагийн байгууллага хариуцна. Харин мөрдөх алба нь Хууль зүйн яамны харьяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хэлбэрээр ажиллах юм.” гэж байна.

Тэгэхээр салбарын сайд нь болоод салбарын нөхдүүдийн зүгээс хийж буй тайлбар сэлтийг харахад ач холбогдол бүхий хууль мэндэлж мэдэхээр. Харин талуудын байр суурийг нэгтгээд аваад үзэхээр нэгийг хийгээд нөгөөг сүйдлэх гээд байж болзошгүй байгаа юм.

Б.Итгэлт

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Goe helsen(182.160.10.17) 2025 оны 03 сарын 13

Yag unenshd negiig hj nogoog suitgedeg eswel dutuu hiideg

1  |  0
Top