Шилдэг залуу эмч нарт шагнал гардууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 08

Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо. Энэ удаагийн шагналын эздээр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эмч Санждоржийн Алтан-Очир, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гафугийн Бахытжан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эмч Батсүхийн Дэмбэрэлнямбуу нар шалгарсан байна.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын эмч Санждоржийн Алтан-Очир мэс заслын эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн “Тархины урд, урд холбогч артер болон гүрээний дотор артерын судасны супраклиноид хэсгийн цүлхэнд хийх хөнгөвчилсөн птериональ хүрц” зэрэг эмчилгээний шинэ арга технологийг амжилттай нэвтрүүлж эмчилгээ, үйлчилгээний чанарт дэвшил гаргасан учир Төрийн тэргүүний нэрэмжит шагналтан болов.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гафугийн Бахытжан хөдөө орон нутгийн ард иргэдэд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд цаг алдалгүй хүргэж, олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад оруулсан идэвх зүтгэлээ үнэлүүлэн энэ шагналыг хүртлээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бөөрний мэс заслын тасгийн эмч Батсүхийн Дэмбэрэлнямбуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, чадварлаг үзүүлж гипоспади буюу шээлүүрийн доод ханын дутуу хөгжлийн үед шээсний сүвийг нөхөн сэргээх нэг болон олон үе шаттай мэс заслын дэвшилтэт аргуудыг шинээр нэвтрүүлж, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргасны учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayarma(183.81.169.21) 2025 оны 03 сарын 13

s.altonochir emchide yunii omno shagnal avsand ni bayar xurgie. S.Alton chir emch bol mash ireeduitei ajildaa chin unencheer xanddag mundag zaluu bolovson xuchin bilee.bidniig aylt ovchintei nuur tulaad baixad xuugiin minni amiig avarsan achtan ym.ajildaa unench ymarch xuniig chin setgeleese xuleen avj zovolgoo ogdog araggui l tangarag orgoson emch xun gedeg tsag ymagt batalj ard tumenteigeee xanddag ni bidniig urgelj bayarluulj yvdag ym.estoi nudee olson shagnal tor ene xuniig unelsend talrxaad talarxaad barashgui ni.S.Alton ochir emchde ajild ni amjilt amidrald bayar baysaliig xusej oshoo olon shagnaliin ezen bolooroi gej xusie.taniig urgelj sain saixan buxen xureelj iveej yvax boltugai amjilt xusie.omnoos ni mash ix bayarlaj bn.

1  |  0
Top