“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр рок попын ертөнцдөө эргэж ирлээ. Багагүй хугацаанд нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхжээ. Үзэгч, сонсогчдын хүсэн хүлээсэн хайртай дуучид нь ийнхүү эргэн ирж, хит дуунуудаар байлдан дагуулах болсон нь олон хүнийг баярлуулж байгаа биз ээ. Ингээд дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нартай ярилцсан сонирхолтой ярилцлагаа та бүхэнд хүргэе.
-Хайрын дууны хамтрагчид маань уран бүтээлээ үргэлжлүүлэх болсон нь үнэхээр таатай мэдээ байна. Хамгийн эхний дуугаа хэдийд цацсан бэ?
Ц.М: -Юуны өмнө энэхүү ярилцлагыг уншиж байгаа нийт уншигчиддаа болон танай сайтын хамт олонд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бид хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр “Хайр гэрэлтсэн харц” нэртэй эхний дуугаа цацсан. Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ хэзээ, хэрхэн хийх талаар ярилцаж байгаад энэ дуугаараа эргэж ирлээ.
-Нэлээд амжилттай явсан атлаа нэг л өдөр хамт дуулахаа больсон. Уран бүтээлээ завсарлаад яг хэдэн жил болчихов оо?
Ц.М: -Яг таван жил огт юм хийсэнгүй. Бид хоёрын хамгийн сүүлийн дуу 2007 онд гарсан байх аа.
-Өнгөрсөн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн нь тодорхой. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаанаас анх шалгарч байсан авьяаслаг дуучид маань одоо тус тусынхаа амьдралыг авч яваа аав, ээж болсон. Магадгүй, анх гарч ирснээ бодвол амьдралын олон амтыг мэдэрч яваа гэдэг утгаараа уран бүтээлийнхээ өнгө аясыг хэрхэн өөрчилсөн бол?
Ц.М: -Үнэхээр гоё асуулт тавьсанд баярлалаа. Анх хамт дуулж, хөтлөлцөөд гүйж явсан охин, хүү хоёр өнөөдөр хоёулаа айл гэрийн амьдрал зохиогоод олон зүйлийг мэдэрсэн идэр насныхан болж. Тийм болохоор уран бүтээлийн өнгө аяс ч гэсэн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх ёстой. Мэдээж, энэ тухай яривал нэлээд өргөн хүрээг хамарсан зүйл болох нь ойлгомжтой. Бидний хувьд, үзэж туулсан амьдралынхаа туршлага дээр үндэслэн уран бүтээлээ хийхээр шийдсэн. Гэхдээ өмнө нь дуулж байсан чиглэлээ орхихгүй. “Чамайгаа санахаар”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд”, “Хавар чи бид хоёр” гэх мэт ихэнх дуунууд маань дурлалт хосуудад зориулагдсан. Бид хоёр ч гэсэн, яг л тийм насан дээрээ явж байсан болохоор иймэрхүү дуунуудыг чин сэтгэлээсээ дуулж байж. Одоо амьдралын олон өнцөг, өнгө, амтыг уран бүтээлээрээ дамжуулж хүргэх бодолтой байгаа. Ер нь, бидний уран бүтээл ихэвчлэн эерэг мэдрэмжийг хүмүүст өгдөг байх гэж боддог юм. Энэ ч утгаараа, амьдралыг эерэг талаас нь харж уран бүтээлээ хийнэ. Мэргэжлийн уран бүтээлч хүмүүсийн хувьд, нийгмийн сайн сайхны төлөө уран бүтээлээ хийж явах ёстой.
-Тухайлбал, ямар зүйлийн төлөө анхаарна гэж?
Ц.М: -Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт, үл ойлголцол, үр хүүхэд өнчрөх асуудал ямар их байгаа билээ. Тэр бүхнийг судалж буй байгууллагуудтай бид хоёр хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд буй тулгамдсан асуудлыг багасгах хүсэлтэй байгаа. Хайр дурлал, гэр бүл гэсэн хоёр ойлголтыг хүмүүс өөр, өөрөөр ухамсарладаг. Бие биеэ уучилж, энэрэнгүй хандаж чаддаг байгаасай гэсэн үүднээс уран бүтээлээ хийнэ. Өөрөөр хэлбэл, бид нийгэмд буй гэр бүлүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллана. Энэ зорилгын маань эхлэл нь “Хэцүү” дуу байсан. Мэдээж цаг үеэ мэдэрч, охид залуусынхаа хүсэл сонирхолд нийцсэн дуу дуулна. Өнгөрсөн уран бүтээлийн маань үргэлжлэл бол “Хайр гэрэлтсэн харц” дуу.
-“Хайр гэрэлтсэн харц” дуунаас гэр бүлийн асуудал, хосуудын ойлголцлыг мэдэрч болохоор санагдсан. Энэ ч утгаараа, нийгэмд буй тулгамдсан асуудлыг багасгахад анхаарч байгаа тань сайхан санагдлаа. Үүрээгийн хувьд, өнгөрсөн хугацаанд тун ч нууцлаг байсан шүү дээ?
М.Ү: -Юуны өмнө уншигч, сонсогчиддоо энэ өдрийн мэндийг хүргэе. Айл гэрийн амьдралд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өндөр үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Гэр орноо өөд татах, хань ижлээ халамжлах, үр хүүхдээ өсгөж бойжуулах гээд л олон зүйлд анхаарна. Миний хувьд ч ялгаагүй, хувийн амьдралдаа анхаарах шаардлагатай болсон. Энэ хооронд Мөөгий маань тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд явж байсан. Өнгөрсөн хугацаанд бид хоёр уран бүтээлээс гадна найз нөхдийн холбоотой явсан. Нэгэнт л сургууль соёлыг нь төгсч, урлагийн тайзнаа холбогдсон болохоор Мөөгий бид хоёр нэг л зорилготой байсан. Энэ ч утгаараа, уран бүтээлээ үргэлжлүүлэн хоёр дахь цомгийнхоо ажилд орчихсон явж байна.
Ц.Мөнхбат: Уран бүтээлээр яривал бид хоёр аль хэдийнэ гэрлэчихсэн
-Хоёр дахь цомог тань тухайн үед “Хайрын цэцэг” нэртэй гарна гэж байсан. Яг тэр үеийн уран бүтээлийг багтаах уу, аль эсвэл?
Ц.М: -Үнэнийг хэлэхэд, тухайн үед бид хоёрт эргэлт хийх шаардлага тулгарсан. Дандаа л нэг хэвийн дуу дуулаад байвал өөрсдөд маань ч гэсэн сонирхолгүй санагдана шүү дээ. Уран бүтээлч хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинийг эрэлхийлж байх ёстой. Хийсэн дуугаа сонсч үзээд “За, энэ үнэхээр сайн дуу болжээ” гэж бодох үед л хамгийн ихээр баярлаж, сэтгэл “цаддаг”. Хэнээс ч илүү аз жаргалыг мэдрэх мөч гэдэг энэ л байхгүй юу. Тухайн үед бид хоёроос нэгэн хэвийн дуунууд гарч эхэлсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын маань зохиож өгсөн олон сайхан дуунууд хүмүүст хүрч, хит болж байсан тэр үед бусад хөгжмийн зохиолч, яруу найрагчид бид хоёрыг нэг л нүдээр харж эхэлснийг нуугаад яах вэ. “Энэ хоёрт ийм л дуу тохирно” гээд яг л нэг хэвийн дуунууд хийж байсан. Ийм хэвшмэл зүйлд баригдах нь утгагүй, арай өөр дуунууд хэрэгтэй байна гэдгийг тэдэнд санал болгосон ч хүлээж аваагүй. Гэвч байдал тэр хэвээрээ үргэлжилсэн бол бид хоёрын хувьд, уран бүтээл маань утга учраа алдах байсан. Энэ үед хамгийн зөв алхмаа хийсэн гэж боддог юм. Уран бүтээл хийхээ больсон минь алдаа биш. “Би чамд хайртай”, “Хайраа өглөө” зэрэг дууныхаа араас арай өөр дуу гаргахыг хүссэн ч дээр хэлсэнчлэн, уран бүтээлчидтэй ойлголцож чадаагүй. Ингээд аргагүйн эрхэнд мухардалд орсон. Үнэндээ, өнгөрсөн таван жилийн завсарлага маань бид хоёрын хувьд үнэхээр гоё “Time out” байлаа. Одоо хийж буй уран бүтээлийн өнгө аяс мэдрэгдэж эхэлсэн байх. Магадгүй, зарим хит дууныхаа хөгжмийг найруулгыг өөрчилж дуулж болно. Гэхдээ анхны бие даасан “Чиний хайранд” цомгийнхоо уран бүтээлийг хөндөх бодол алга. Тэнд хөндөж болохооргүй нандин зүйлс олон бий. Тиймээс одоогийнхоо уран бүтээлийг хийгээд явна.
-Уран бүтээлч хүн мухардалд орох шиг хэцүү юм байхгүй. Үнэндээ хэсэг хугацаанд хамтарч дуулаагүй дуэт дуучид эргэж нэгдэх шалтгаан бол хэн, хэн нь ганцаараа дуулаад амжилтад хүрэхгүй гэдгээ ойлгосон явдал гэж хардах хүн олон байсан. Харин та хоёрын эргэлт хийсэн нууц энэ бүхэнд хариулт болж байна?
Ц.М: -Тиймээ. Тэр үеийн дуунуудаа дуулаад явж байсан бол өнөөдөр бид хоёрын уран бүтээл утгаа алдчихсан яваа, ний нуугүй хэлэхэд. Нэг л дуугаа дуулаад ямар ч сонирхолгүй. Уран бүтээлээ завсарласан таван жилийн хугацаанд бид хоёр тус тусынхаа амьдралыг төвхнүүллээ. Тэртээ тэргүй, уран бүтээлгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс шүү дээ. Яг үнэндээ бид хоёрыг амьдрал, уран бүтээл маань эргэж холбосон. Урлагийн ертөнцөд холбоотой байх учиртай гэдгээ ч мэдэрч байгаа. Хоёр дахь цомгийн маань тав, зургаан дуу бэлэн болчихсон. Эхнээсээ олонд хүрч байгаа. Эргээд хамт дуулсан дуугаа сонсохоор үнэхээр төгс юм хийчихсэн юм шиг асар их кайф авч байна. Уран бүтээлч хүн мухардалд орно гэдэг энгийн үгээр тайлбарлахад, хүн ямар ч зорилгогүй амьдрахтай адил. Зорилгогүй хүн үхсэн хүнээс ялгаагүй гэдэг шүү дээ. Уран бүтээлч хүн ч түүнээс ялгаагүй. Одоо бол бид хоёр уран бүтээлийн хувьд, цоо шинэ ертөнцийг олсон гэж бодож байна. Шинэ дуунуудаас маань харагдах биз ээ.
М.Ү: -Дуучдыг энд тэнд халтуур хийгээд их мөнгө олдог гэсэн дэл сул яриа хүмүүсийн дунд их гардаг. Хэрвээ бид хоёр хэдэн төгрөгний төлөө шунаад өөрсдийгөө болон сонсогчдоо хуурч, өдийг хүртэл дуулаад явсан бол чадах л байсан. Гэвч бид тэгэхийг хүсээгүй. Уран бүтээлээ хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол Мөөгийгийн хэлж байгаа шиг, завсарлага авсан нь зөв болсон. Ямар ч байсан, бид хоёр зүгээр суугаагүй. Хувийнхаа амьдралыг зохицуулаад уран бүтээлээ үргэлжлүүлж байна. Аливаа зүйлийг эхнээс нь дуустал чин сэтгэлээ хийх ёстой гэж үзсэний үндсэн дээр бид хоёр завсарлага авсан.
-Хамт дуулахаар л нэр холбогдчихдог бичигдээгүй хууль манайд бий. Энэ жишгээр, та хоёрын тухай яриа олон гарч байсан. Хайр сэтгэлийн асуудлаас үүдэн хоёр тийшээ болсон гэх бор шувуу өнгөрсөн хугацаанд ниссэн?
М.Ү: -Дуэт дуучдыг угаасаа л ийм ярианд оруулах “дуртай” байдаг шүү дээ, хүмүүс. Тэрэн дээр бид хоёр ер эмзэглэдэггүй л дээ. Тухайн үед нь инээлдээд л өнгөрдөг байсан.
Ц.М: -Уран бүтээлээр яривал, бид хоёр аль хэдийнэ гэр бүл болчихсон. Бидний хүндэлж хайрлан, шүтэн биширч явдаг олны танил уран бүтээлч үнэхээр гоё үг хэлсэн. Чухам хэн, юу гэж хэлснийг нь одоохондоо нууцалья. Уран бүтээлч ах, эгч нарынхаа хэлсэн үгнээс сургамж авч явах үнэхээр сайхан. Урьд нь бол “Нас гэдэг зүгээр л тоо” гэж бодож явсан бол, өнөөдөр биднээс илүү оймс элээсэн хүмүүсийн амьдралын туршлага, үзэл бодол ямар өөр байдгийг ухаарч ойлгосон гэх үү дээ. Тэгэхээр бид хоёр одоогоос долоо, найман жилийн өмнө уран бүтээлээрээ гэр бүл болсон улс. Дуунуудаа үр хүүхэд гэж тооцвол, аль хэдийнэ нас биед хүрчихсэн яваа. Бид хоёрын өмнө нэг л зам байгаа учраас тус тусдаа амьдралтай боллоо гээд салах учиргүй. Тиймээс уран бүтээлийн амьдрал минь цаашид бат бөх байж, олон сайхан зүйлийг хүмүүст хүргэх биз ээ.
-Уран бүтээлийн ертөнцөд та хоёрын амьдрал “холбогдсон” гэсэн үг, тийм үү?
Ц.М: -Яг үнэн. Хошигнож хэлэхэд, бид хоёрын амьдралыг холбосон “ламтан” нь Л.Балхжав ах шүү дээ.(инээв) Бид хоёр олны танил байх гэж дуу дуулаагүй. Үнэндээ хийсэн олигтой дуу байхгүй мөртлөө өөрийгөө рекламдаж явдаг хүн олон бий. Тэд нарт уран бүтээл түй ч хамаа байхгүй, зүгээр л олны танил байх нь чухал. Хэн нэгэнд захиалж хийлгэсэн дууныхаа үг, аяыг нь ч ойлгож чадахгүй. Тэгсэн атлаа клипэн дээрээ ямар харагдахаа бодоод байдаг. Гэтэл дуучин хүний реклам бол цэвэр уран бүтээл нь байх учиртай. Би ийм хүмүүсийг уран бүтээлч гэж боддоггүй. Тэдэнтэй тааралдвал уран бүтээл ярихыг ч хүсдэггүй. Дуу дуулах дуртай, дуундаа хайртай, дуутайгаа амьдарч чаддаг нь бид хоёрын онцлог гэж хэлж чадна. Үүнийг маань хүмүүс ойлгоосой гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд биднээс хэвлэл мэдээллийнхэн ярилцлага авах гэхэд нь ганцхан хариулт хэлдэг байсан. “Бид хоёр уран бүтээлч хүмүүс. Юу ч хийгээгүй байж юугаа ярих билээ” гэж. Энэ нь нөгөө талаар алдаа байсан байж болно. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ өөрсдийгөө илэрхийлж байх нь чухал гэсэн зарчим баримталдаг. Зөвхөн олны танил байхын төлөө уран бүтээл хийнэ гэдэг тэр хүн өөрийгөө алж байгаагаас ялгаагүй зүйл.
-Таван жил гэдэг багагүй хугацаа. Эргээд хамт дуулахад ямар мэдрэмж төрж байсан бол..?
М.Ү: -Хөгжмийн нэвтрүүлэгт оролцоод “Хайр гэрэлтсэн харц” дуугаа дуулсныг маань хүмүүс клип хийлгэсэн байна гээд ойлгочихож. Тэр нэвтрүүлгийн бичлэг хүмүүст их таалагдсан байна лээ. Таван жил уран бүтээлээ завсарласны дараа эргээд хамт дуулсан эхний дуу гэсэн үг шүү дээ. Бид хоёрт тохирсон үнэхээр сайхан дуу байна гэдгийг анх сонсоод л мэдэрсэн. Дахин хамт дуулахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн дөө. Өнгөрснөө дурсаад тэр үедээ дахин оччихсон ч юм шиг. Миний нэг дутагдал гэвэл, нүүрний баясгалан муутай. Байгаа байдал минь ерөөсөө тийм. Найз нөхөд, гэр бүлийнхэн маань хүртэл хэлдэг юм. “Чи жаахан инээгээд ч юмуу нүүрний баясгалантай байж болдоггүй юмуу” гэж. Хэдэн жилийн дараа эргээд үзэгч, сонсогчидтойгоо уулзахад энэ талыг минь хүмүүс илүү ойлгож хүлээж авсан юм шиг санагддаг.
-Эмэгтэй дуучид гэхээр л гацуур мод шиг ганган амьтад байх ёстой гэж төсөөлдөг. Харин таны хувьд, арай өөр харагддаг байснаараа багагүй шүүмжлэл дагуулсан санагдана?
М.Ү: -Мэдээж хэрэг, эмэгтэй хүн юм чинь хэрэглээ ихтэй байлгүй яахав. Энд тэнд явахдаа гоо сайхан, хувцас хэрэглэлдээ анхаарах ёстой. Эргээд уран бүтээлээ хийж байгаа гэдэг утгаар нь хүмүүс илүү их харах биз. Гэхдээ энэ тал дээр би тэгж их гологдоод байх хүн биш. Урлагийн хүмүүс гоо сайхны мэдрэмж өндөртэй байдаг. Хэчнээн нүүрний баясгалан муутай боловч стиль имижээрээ гологдоно гэж байхгүй ээ.
-Гэр бүлийн тань талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Хүүхэд тань хэдэн нас хүрч байгаа вэ?
М.Ү: -Хувийн амьдралаа хэтэрхий дэлгэмээргүй байна. Хүү маань ирэх тавдугаар сард таван нас хүрнэ.
-Рок попын ертөнцөд та хоёроос өөр дуэт дуучид байна уу?
М.Ү: -Мөөгий маань түрүүнд хэлсэн. Уран бүтээлч хүмүүсийн тухайд янз бүрийн юм ярилаа гээд зарим хүмүүс ойлгохгүй байж магад. Чин сэтгэлээсээ хийсэн зүйл урт настай байдаг шүү дээ. Бид хоёрын өмнө нь дуулсан дууг одоо хүртэл сонсдог хүмүүс бий. Хэтэрхий хэлбэр хөөсөн хүмүүсийн уран бүтээл клипийг нь эс тооцвол, хэдхэн сарын л настай байдаг. Түүгээрээ бид хоёр ялгаатай.
-Үүрээ урьд нь хип хоп хамтлагт дуулж байсан. Мөнхбат ч гэсэн, “Мөнхийн реп”-ийн Лхагваатай хоёр дуу дуулсан шүү дээ. Одоо хамтын уран бүтээлээс гадна ийм санал ирвэл хүлээж авах уу?
М.Ү: -Миний хувьд “Ice Top” хамтлагийнхантай уран бүтээлээс гадна найз нөхдийн холбоотой явдаг. Найзууд маань шинэ цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа юм билээ.
Ц.М: -Надад хамтлаг байхгүй. “Мөнхийн реп”-ийн Лхагваа бид хоёр багын найзууд. Тэр ч утгаараа, Лхагвааг урлагт хөтөлж оруулсан хүн нь би. Найз маань анх над дээр “Дуучин болох гэсэн. Болмоор байна уу” гээд ангийнхантайгаа ирж шалгуулж байлаа. Дунд сургуульд байхдаа хамтлаг байгуулсан найзыгаа дэмжиж, өөрийн зүгээс зөвлөж тусалдаг байсан. Найз нөхдийн хувьд хамтарч уран бүтээл хийх тухай ярилцаж байсан нь өнгөрсөн таван жилд биеллээ олсон хэрэг. Яруу найрагч ZZ-тэй хамт сууж байгаад нэг гоё дууны шүлэг бичүүлсэн нь “Аз жаргалтай төгсгөл” дуу байлаа. Тэр даруй нь Аранзай ах дээр очоод асуусан чинь “Өө, энэ гоё дуу болно” гээд ая хийж өгөнгүүт нь шууд бичлэгт орсон. Хар багын найзуудын хувьд, бид хоёр дахин “Сайн уу, найз минь” гэсэн дуу хийсэн. Ер нь гучаас дээш насныханд их таалагддаг юм билээ, энэ дуу. Цаашид дахиад хоёр дуу хийгээд нэг сингл гаргавал зүгээр юм болов уу гэж боддог. Уран бүтээлийг эзэнгүй орхих дэмий л дээ. Гэхдээ анхнаасаа бид хоёр дуу дуулья гэж найзлаагүй болохоор тэр бүр энэ тухай яриад байдаггүй. Үүрээ бид хоёр өөр, уулзаад л уран бүтээл ярина шүү дээ.(инээв)
М.Үүрцайх: Амьдралын минь ямар ч үед Мөөгий миний дэргэд байсан
-Тодорхой хэмжээнд бие биеэ таньсан хүмүүсийн хувьд, хамгийн их үнэлдэг зан чанаруудаа ярилцвал ямар вэ?
М.Ү: -Мөөгий маань ямар ч үед, хаана ч байсан намайг өмгөөлж явдагт нь маш их баярладаг. Бас миний үгийг сонсч чаддаг. Ажил амьдралын ямар ч асуудалд үнэтэй зөвлөгөө өгч, өөриймсөг ханддаг нь их гоё. Хүмүүс нэгнээ “Ямар нүдээр харсан юм бэ” гэж ярьдаг шүү дээ. Миний хувьд, Мөөгийг хэзээ ч бэлгийн нүдээр харж байгаагүй. Цаашдаа ч харахгүй. Уран бүтээлийн хамтрагч бөгөөд хамгийн ойрын зөвлөгч байж чаддаг хүн нь тэр. Найз гэдэг үгийг жинхэнэ утгаар нь ойлгуулж чадсан хүн бол Мөөгий.
Ц.М: -Хүний анхны юм гэдэг анхных л байдаг. Бид хоёр нэг нэгнээ сайн таньдаггүй байхдаа л хамт дуулж эхэлсэн. Үүрээг хүмүүс төдийлөн танихгүй боловч “Ice Top”-той хамт дуулснаар нь хэдийнэ мэддэг байсан. Анхнаасаа уран бүтээлээр холбогдсон учраас би Үүрээг эмэгтэй хүн гэдэг утгаар нь хардаггүй. Мэдээж, уран бүтээлийн тал дээр бие биедээ шаардлага тавих нь тодорхой. Үүрээгийн хувьд ямар ч чимхлүүр зүйлийг олоод харчихдаг, халамжтай зан чанар нь их таалагддаг. Эр хүний хувьд, жаахан онгироо ч юм шиг хайнга зантай байдаг шүү дээ. Хамгийн сүүлд өнгөрсөн намар Дарханд тоглолтоор явж байхад нэг зүйл болсон. Намайг очсоны дараа Үүрээ хэсэг уран бүтээлчидтэй хамт ирээд хооллосон юм. Тэгээд надад “Мөөгий энийг идчих” гээд тавагтай хоолоо дөхүүлэхэд бусад хүмүүс “Аая, хос дуучид гоё юм өө” гээд л тоглоом хийж байлаа. Үүрээгийн хувьд “Мөөгий маань өлсчих вий. Өдөр ирсэн болохоор хоол идээгүй явж байгаа биз” гэж бодсон сэтгэл нь тэр. Үүрээд ямар нэг худлаа зан чанар байхгүй гэдгийг би хаана ч хэлнэ. Миний хамгийн их үнэлдэг, бас хамтарч ажиллах болсноосоо хойш таньсан ганц чанар нь энэ. Бид хоёр бие биеэ хайртай хосын нүдээр хардаггүй болохоор үүнээс илүүг мэдэх шаардлага байхгүй. Үүрээгийн бас нэг авууштай зан нь ямар ч ажлыг хийсэн шиг хийж, үр дүнг нь үзэх дуртай. Бие биедээ итгэж, дэмждэг болохоор хамтын уран бүтээл маань урагшлах чухал хөдөлгүүр болдог юм болов уу.
-Олны танил гэдэг утгаараа, найз нөхдийн хүрээлэл өргөн байдаг байх. Гэвч одоо цагт хүмүүс найз нөхдөө ангилж, ялгадаг болсон. Ашиг сонирхлоос үүдэлтэй найз нөхдийн холбоо олширсон гэх үү дээ?
М.Ү: -Өнгөрсөн хугацаанд олон найз нөхөдтэй байсан. Гэвч амьдралын шалгуурт шигшигдэж үлдсэн нь цөөхөн. Хамгийн сайн найз гэгдэж явсан хүмүүс итгэлийг минь алдаж, элдэв ярианд оруулах үе ч тохиолдсон. Хамгийн том дайсан чинь хамгийн дотны найз байдгийг тэгэхэд л мэдэрч билээ. Тэр бүхэнд Мөөгий маань надад зөвлөж, хэр их санаа тавьж байсныг нь одоо боддог юм. Өнгөрснөө дүгнээд бодоход найз нөхөд гэдгийг арай өөрөөр харж байна л даа. Гэнэн итгэмтгий зангаасаа болж ямар их зүйл алдсанаа ухаарсан. Миний хувьд, найз нөхдөө ашиг сонирхлын үүднээс ангилж ялгадаггүй. Хажууд маань миний гэр бүлийн хүн, цаашлаад Мөөгий байгаа учраас ингээд болчих байх.
Ц.М: -Үнэхээр энэ цаг үед хүмүүс өөрт хэрэгтэй гэсэн нэгнийг найз гэдэг болж. Би тийм занд дургүй. Яагаад ч юм бэ, анх уулзсан хүнээ ямархуу зан араншин, хүсэл сонирхолтой вэ гэдгийг нь мэдэрдэг. Гэхдээ би үзмэрч биш шүү. Анхны уулзалтаар шууд дүгнэчихдэг, эргээд бодоход зөв л байдаг. Бидний 18, 20 нас бол алдаа оноотой л үе байсан шүү дээ. Уран бүтээлүүд маань хит болсны дараа л Үүрээ бид хоёр уран бүтээлээ ойлгож байсан. Түүнээс биш, бид хоёр анхнаасаа бүгдийг ойлгочихсон байгаагүй. Тэрэн шиг, хүн хүнтэй нөхөрлөж байж л танина. Ялангуяа анхны сэтгэгдэл гэдэг хамгийн том зүйл шүү. Анхны сэтгэгдлээрээ тухайн хүнд цензур тавьж, цаашдын харилцаагаа тодорхойлдог. Хамгийн гол нь, найзуудын сэтгэл зүрх холбогдож байж л жинхэнэ хүнээрээ оршин тогтноно. Миний найзууд дотор мөнгөтэй ч хүн бий, мөнгөгүй ч хүн байгаа. Тэр хүн мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй. Түүнийг би санаж, уулзахаараа баярладаг нь хамгийн чухал. Жинхэнэ найзын сэтгэл тэнд л оршино.
-Урлагийнхан хөнгөн хийсвэр гэлцдэг. Үүнийг нь батлах мэт, салж нийлэх явдал ч нэлээд гардаг шүү дээ?
М.Ү: -Тэр бол хувь хүмүүсийн л сонголт байх. Ямар ч амьдралтай юм билээ, бид тэр нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй шүү дээ. Гэхдээ миний хувьд, урлагийнхан их үнэнч хүмүүс байдаг гэж дүгнэнэ.
Ц.М: -Тэр их үнэн шүү. Урлагийнхан элдэв ярианд ордог нь зүгээр л олны танил байдагтай нь холбоотой. Гэхдээ энэ дунд үнэхээр тэнэглэж яваа хүмүүс ч мэр сэр бий. Худлаа үнэн мэдээллээс болоод тухайн хүмүүсийн ар гэрт ямар асуудал үүсч байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Миний хувьд, айл гэрийн амьдрал эр хүнээс ихээхэн шалтгаална гэж боддог. Эмэгтэй хүн гэр бүл салалтад нөлөөлсөн тохиолдол цөөн байдаг байх. Гэр бүл саллаа гэхэд хоёр талтай ч тухайн айлын эр хүн амьдралаа авч явж чадаагүй, алдаа дутагдлын улмаас ийм байдалд хүрсэн нь олон тохиолдсон байдаг. Ийм ч учраас эр хүн шиг байхыг хичээдэг. Урлагийнхан зорьсондоо тууштай, үнэнч байж чаддаг улс. Гэр бүл салалтад эр хүн 70 хувь, эмэгтэй хүн 30 хувь нөлөөлдөг байх гэж боддог. Түүхээс сонирхож байхад ханьдаа халамжтай, хамгийн ноён нуруутай, сайхан хүмүүс бол Монгол эр хүн байдаг гэж сонссон.
М.Ү: -“Худал үгийг мянга давтахаар үнэн болдог” гэдэгчлэн элдэв хов жив, худлаа ярианаас болоод урлагийнхан салж нийлдэг ч юм бил үү. Монгол эрчүүд маань ухаалаг байж, аливаа зүйлд ноён нуруутай хандаж чадвал амьдралаа авч үлдэнэ шүү дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй, дэл сул ярианаас болоод хэрүүл маргаан үүсч, гэр бүл салахад хүрдэг ч байж болно. Энэ тухайд дотроо харамсч явдаг.
-Эмэгтэй хүн гэхээр л гэртээ сууж, үр хүүхдээс өөрийг бодохгүй байх ёстой гэх ойлголттой хүн олон. Энэ тухайд?
М.Ү: -Өнөөгийн нийгэмд эхнэр, нөхөр хоёулаа л хөдөлмөрлөж байж босгосон амьдралаа авч явна шүү дээ. Эхнэрээ ажил хийлгэх дургүй, гэрт нь суулгах сонирхолтой хартай нөхрүүд байдаг байх. Гэхдээ хүн л юм чинь, гэрийн мухар сахиж суухыг хэн хүсэх билээ. Хувь хүнийхээ хувьд сурч боловсрох, ажил төрөл хийх хүслээс нь болоод залуу гэр бүлүүдэд хэрүүл маргаан гардаг байх л даа.
Ц.М: -Энэ бас нэг өөр талтай асуудал. Эрэгтэй хүн нийгэмд эзлэх байр суурь, карьер нь эмэгтэй хүнээс доогуур болчихвол сэтгэлээр унадаг нь бичигдээгүй хууль. Эхнэрээ ажил хийлгэхгүй хүсдэггүй хүмүүс бол зүгээр л өөрөөсөө дор байлгах гэсэн сонирхолтой байгаа хэрэг. Миний хувьд, ингэж боддоггүй. Хувь хүн талаасаа эхнэр маань ажил хийж, нийгэм дотроо амьдарч байх нь чухал гэж үздэг. Нийгэмдээ амьдардаггүй хүмүүс ёстой л үүдэн хоймрын хов жив яриад явж байдаг биз. Эхнэрээ гоё нийгэмшсэн, хүнтэй зөв харилцдаг байлгахыг л хүсдэг байх ёстой шүү дээ.
-Уран бүтээлийнхээ тухай сонин сайхан мэдээллийг хүргэх цахим хуудас нээсэн гэсэн?
Ц.М: -Тиймээ. Цахим хуудасны маань хаяг facebook.com/Munkhbat.Vvree. Дууг минь сонсох дуртай хүмүүстэй холбоотой байж, нийгэм рүү чиглэсэн ажлууд, уран бүтээлүүд, хосуудын харьцаа, гэр бүлийн сайн сайхан, аз жаргалын талаар хүмүүст хүртээл болохуйц хэрэгтэй мэдээллүүдийг тавих зорилготой ажиллаж байна.
-Цомог, тоглолтын цаана хөрөнгө санхүүгийн ауудал бий. Энэ бүхнийг өөрсдөө шийдэж байна уу, аль эсвэл?
Ц.М: -Хоёр дахь бие даасан цомгийг маань “FM Group Mongolia” компани ивээн тэтгэж байгаа. Клипүүдээ өөр, өөр спонсоруудтай хамтарч хийнэ. Энэ мэтээр бидний уран бүтээлд тусалж, дэмжиж байгаа “FM Mongolia Group” компани, мөн найз нөхөд, бусад хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө хийж буй бидний сэтгэл, хувь нэмэр юм шүү. Хэсэг хугацааны дараа энэ бүх ажлынхаа үр дүнг үзээд баярлаж суух цаг ирнэ биз ээ. Хийж буй уран бүтээлүүд маань зөвхөн Мөнхбат, Үүрээ хоёрын хүчээр бүтээд байдаг юм биш л дээ. Спонсор, дуу бичлэгийн студи, аранжировшик, дууны үг, ая зохиож байгаа тэр бүх хүмүүсийн хамтын зүтгэл энд шингэдэг. “New star” студитэй л гэхэд, бид хоёр бараг хар нялхаасаа шахуу холбогдсон. Анхны уран бүтээл маань тэндээс гарч, “Чиний хайранд” цомгоо өлгийдөн авсан түүхтэй. “Royal music” студийн Цэрэнтэйгээ энэ цаг үеэс хамтарч ажиллаж эхэлсэн. “Хайр гэрэлтсэн харц” дууг маань зохиосон Гэрэлò-Îä, мөн “M audio” студи, яруу найрагч Бямбажаргал байна. Мэдээж, бидний хамгийн их хүндэлж явдаг Балхаа ах минь байна. Тэр сайхан аялгуунуудыг зохиож буй байгалиас заяасан авьасыг нь би сурч чадахгүй. Харин заавар зөвлөгөөг нь бид хоёр өндрөөр хүлээж авч, биелүүлэхсэн гэж зүтгэдэг. Уран бүтээлийн хувьд, бид хоёрын аав болсон хүн шүү дээ. Энэ мундаг хүний нэрээр өдийг хүртэл овоглож явсан болохоор муу уран бүтээл хийх ёсгүй. Дөнгөж сая бид хоёр “Xac Media” студид “Хайр гэрэлтсэн харц” дууныхаа клипийг хэрхэн хийх талаар ярилцаж байгаад ирлээ. Цаашид зөндөө олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах байх, бид хичээнэ ээ.
-Ярилцсанд баярлалаа, цаашдын тань уран бүтээлд амжилт хүсье.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 18 )
hoe 2 oo amjilt
minii bodloor ih geegeeleg dyy dyyldag shuu.ger bvl bolson bvh hvn sonsdog baih gej bodoj bain.manai ger bvl dandaa sonsdog .amjilt !!!!
goel yaritsilag bain .sain saihaniig husii ta 2t.
UUree ch ichij zouohgui hudlaa shaahiinmaa hogiin mu arhichin zolbin AUGAI MIN
UUree ch ichij zouohgui hudlaa shaahiinmaa hogiin mu arhichin zolbin AUGAI MIN
amjilt amjilt taalagdlaa
amjilt amjilt taalagdlaa
amjilt amjilt taalagdlaa
amjilt amjilt taalagdlaa
amjilt amjilt taalagdlaa
amjilt amjilt taalagdlaa
сайн уран бүтээл хиигээрээ амжилт
сайн уран бүтээл хиигээрээ амжилт
сайн уран бүтээл хиигээрээ амжилт
сайн уран бүтээл хиигээрээ амжилт
сайн уран бүтээл хиигээрээ амжилт
amjilt
saihan dyychid amjilt husii