10 жилийн настай хэлэлцээр

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 05

Солонгосын хойгийн ширүүн нөхцөл байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Коммент булан Солонгосын хойгийн асуудлыг шийдэх 6 талт хэлэлцээртэй холбоотой мэдээллийг онцоллоо.

- БНАСАУ  энэ оны хоёрдугаар сард тус улс цөмийн 3 дахь туршилтаа хийсэн юм.

-БНСУ тус улсыг цөмийн туршилт хийсэн явдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, бүс нутгийн тогтвортой байдал, энх тайванд аюул учрууллаа гэж албан ёсны мэдэгдэлдээ дурдсан.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хойд Солонгос цөмийн туршилт хийсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо хэмээн мэдэгдсэн юм.

-Түүх сөхвөл, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилготой 6 талт хэлэлцээрийн эхний үе шат 2003 оны 8 сарын 27-29 –нд Хятадын нийслэл Бээжин хотод эхэлжээ. Энэ 6 талт хэлэлцээрт ОХУ-ыг ГХЯ-ны сайдын орлогч Александр Лосюков, БНАСАУ-ын ГХ сайдын орлогч Ким Ен Ир, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргийн туслах Жеймс Келли, БНХАУ-ын ГХ сайдын орлогч Ван И, Японы ГХЯ-ны Ази,Далайн орнуудын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Митодзи Ябунака, БНСУ-ын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайдын орлогч Ли Су Хюк нар оролцож байжээ.

-6 талт хэлэлцээрийн эхний үе шат нь ямар нэгэн баримт бичиг батлалгүйгээр дууссан байна. Гэхдээ талууд хэлэлцээрт оролцогчид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэдэгт санал нэгдсэн байдаг.

-6 талт хэлэлцээрийн 2 дугаар үе шат 2004 оны 2 сарын 25-28-нд Бээжинд болжээ. Тухайн үед энэ уулзалтыг БНХАУ-ын ГХ сайдын орлогч Вана И даргалж байжээ. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоовол ОХУ, БНХАУ, БНСУ –ын хойд Солонгост эрчим хүчний тусламж үзүүлэх боломжтой гэдэг мэдэгдэл хийсэн байна. Харин Япон, АНУ-ын төлөөлөгчид арай өөр байр суурийг илэрхийлжээ.  6 талт хэлэлцээрийн 2-р үе дуусахдаа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ, ажлын хэсэг байгуулж, яриа хэлэлцээрийн хооронд холбоотой байна гэсэн тохиролцоонд хүрсэн байна.

-6 талт хэлэлцээрийн 3-р үе шат 2004 оны 6 дугаар сарын 23-26-нд Бээжинд болжээ. Энэ удаагийн уулзалтын үеэр оролцогч талууд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоохдоо аль аль талдаа хүлээн зөвшөөрөх боломжтой нөхцөлийг харилцан тохиролцох хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байна. Хэдийгээр 6 талт хэлэлцээрийн 3-р үе шатанд ахиц дэвшилд хүрсэн ч хожим бодитой үр дүнд хүрээгүй аж.

-Харин БНАСАУ 2005 оны 2 сарын 10-нд барууны орнууд амлалтаа биелүүлээгүй тул цаашид 6 талт хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгдээд анх удаа цөмийн зэвсэгтэй болсон гэдгээ зарласан байна.

-Гэхдээ  олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтын ачаар 6 талт хэлэлцээрийг дахин сэргээж, 4-р үе шатыг нь эхлүүлжээ.

-2005 оны 7 сарын 26- аас 8 сарын 7, мөн оны 9 сарын 13-19-нд 6 талт хэлэлцээрийн 4-р үе шатыг Бээжин хотод хийжээ.Энэ үеэр оролцогч талууд анх удаа хамтарсан баримт бичиг гаргажээ. 6 талыын хамтарсан баримт бичигт БНАСАУ нь цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах эрхтэй гэж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь БНАСАУ-ын дипломатуудын том амжилт гэж нэрлэж болох аж.

-1980 оны үед БНАСАУ-ын тусгай албаныхан Японы хэд хэдэн иргэдийг хулгайлсан хэрэг гарч байсан. Энэ нь хоёр улсын харилцааг ээдрээтэй болох үндэс суурийг тавьжээ.

-6 талт хэлэлцээрийн 5-р үе шат Бээжинд 2005 оны 11 сарын 9-11-нд болжээ. 5 дахь удаагийн хэлэлцээрийн эцэст харилцан итгэлцлийг бэхжүүлэх, талууд өөртөө хүлээсэн үүрэг амлалтаа цаг тухайд нь биелүүлэх хэрэгтэй байгааг онцолсон мэдэгдэл гаргаж байлаа. Гэхдээ 6 талт хэлэлцээрийн 5-р үе шат явагдаж байх үед БНАСАУ-ын засгийн газрын мэдлийн гадаадын банкинд байдаг дансыг битүүмжилсэн байдаг.

-БНАСАУ 6 талт хэлэлцээрийг орхин явжээ. Улмаар 2006 оны 10 сарын 9-нд БНАСАУ цөмийн туршилт амжилттай хийсэн байна. 2006 оны 10 сарын 14-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньяний үйлдэлийг буруутгасан мэдэгдэл гаргаж, хориг арга хэмжээ тогтоожээ.

-2006 оны 12 сарын 18-23-нд 6 талт хэлэлцээрийн 5-р үе шатны 2-р хэсэг нь болов. Энэ уулзалт ямар ч үр дүнгүй дуусав.

-2007 оны 2 сарын 8-13-нд 6 талт хэлэлцээрийн 5-р үеийн 3-р хэсэг болов. Энэ үеэр 2005 оны 9 сарын 19-нд баталсан хамтарсан мэдэгдэлээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэх, Йонбен дахь цөмийн байгууламжийн үйл ажиллаагааг зогсоох, Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн мэргэжилтнүүдийг БНАСАУ-д ажиллуулах асуудлыг ажил хэрэг болгох талаар тохиролцоонд хүрсэн байна. Үүний хариуд БНАСАУ эдийн засгийн, эрчим хүчний, хүмүүнлэгийн тусламж авах болов. Тусламжийн барааны дотор нэг сая тонн мазут байлаа.хамгийн эхний нийлүүлэлтийн хүрээнд 50 мянган тонн мазут авчээ. Мөн 5 ажлын хэсэг байгуулжээ.

-2007 оны 3 сарын 19-22-нд Бээжин хотод 6 талт хэлэлцээрийн 6-р үе шатны 1-р хэсгийн уулзалт эхэлсэн байна. Энэ үеэр БНАСАУ-ын тал BDA банкинд хадгалсан 25 сая доллараа авч чадахгүй байгааг дурьдаад, дансаа нээлгэхийг хүссэн байна. Пхеньян 25 сая доллараа авсаны дараа л яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэжээ. Цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхийн тулд банк БНАСАУ-ын дансыг эргүүлэн нээсэн байдаг.

-2007 оны 9 сарын 27-30-нд Бээжин хотод 6 –р үеийн 2-р хэсэг болов. Оролцогч талууд 2 дахь удаагаа хамтарсан баримт бичиг гаргажээ.

-2008 оны 7 сарын 10-12 нд Бээжинд 6 талт хэлэлцээрийн дараагийн уулзалт болжээ.

-2008 оны 12 сарын 8-аас 11-нд Пхеньян хотод 6 талт хэлэлцээрт оролцож байгаа орнуудын төлөөлөгчид уулзалт хийжээ.

-2009 оны 5 дугаар сарын 25-нд Хойд Солонгос хоёр дахь удаагаа цөмийн туршилт хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top