“Улаан чөтгөрүүд” хасагдах шатанд өрсөлдөх эрхээ халааслав

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн 2012-2013 оны улирлын тоглолт үргэлжилж байна. 58 дахь удаагийн тэмцээнд буурал тивийн 17 улсын шилдэг 32 баг найман хэсэгт өрсөлдөж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө “E”, “F”, “G”, “H” хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолт болж, Английн “Манчестер Юнайтед” клуб хэсэгтээ дөрөв дараалж хожин хасагдах шатны эрхээ халааслав. Ингээд өнгөрсөн шөнө болсон тоглолтын тоймыг хүргэе.

“E” хэсэг

Челси (Англи) - Шахтер (Украин) 3:2


Гоол: Фернандо Торрес 6, Оскар 40, Виктор Мозес 90+4 - Виллиан 9, 47

Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн аварга Челси Стэмфорд Бриж цэнгэлдэх хүрээлэндээ Украиний аварга “Шахтер”-ийг хүлээн авч, тоглон 3:2-оор буулган авлаа. Донецк хотын баг гүүрэн дээр “Цэнхэрүүд”-тэй маш сайн тэмцсэн ч тоглолтын эцсийн мөчид тэнцээгээ ялагдал болгов. Тоо 2:2 байхад “Челси”-гийн довтлогч Виктор Мозес үндсэн цаг өнгөрч, шүүгчийн мэдлийн дөрөв дэх минутад ялалтын бөмбөгийг булангийн цохилтоос мөргөж оруулснаар багаа ялалтад хөтөллөө. Ингэснээр хоёр багийн оноо тэнцэж, үлдсэн хоёр тоглолтоос бүх зүйл шалтгаалах болоод байна.

Ювентус (Итали) - Нордшелланд (Дани) 4:0


Гоол: Клаудио Маркизио 6, Артуро Видаль 23, Себастьян Жовинко 37, Фабио Квальярелла 75

Өнгөрсөн ням гаригт “Сери-А”-гийн 11 дүгээр тойрогт “Интер Милан”-д хожигдож, улсынхаа аваргад 48 тоглолт дараалан хожигдоогүй цувралаа таслуулсан Турины “Ювентус” анх удаа “Аваргуудын лиг”-т өрсөлдөж буй Данийн “Нордшелланд”-ад уураа гаргаж, 4:0-ээр бут ниргэлээ. Уг нь “Нордшелланд” 14 хоногийн өмнө нь талбайдаа “Ювентус”-тай 1:1-ээр тэнцсэн. Гэсэн ч “Хуучин ноёд” Данийн даруухан багтай өрсөлдөх баг биш гэдгээ тод томруун харуулав. Талбайн эздээс Клаудио Маркизио 6, Артуро Видаль 23, Себастьян Жовинко 37, Фабио Квальярелла 75 дахь минутад гоолджээ.

 “F” хэсэг

Бавари (Герман) - Лилль (Франц) 6:1


Гоол: Бастиан Швайнштайгер 5, Клаудио Писарро 18, 28, 33, Арьен Роббен 23, Тони Кроос 66 - Саломон Калу 57

Германы “Бундеслиг”-ийг итгэл төгс тэргүүлж буй “Бавари” өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-ийн финалын тоглолт болсон “Аллианз Арена”-даа Францын “Лилль”-ийг хүлээн авч, 6:1-ээр бут ниргэж, энэ жилийн хамгийн олон бөмбөг оруулсан баг боллоо. Мюнхений багаас ахмад довтлогч Клаудио Писарро гурван гоол оруулж, хет трик хийсэн бол Бастиан Швайнштайгер, Арьен Роббен, Тони Кроос нарын шилдгүүд нь тус бүр нэг гоолыг хийв. Харин Францын багаас нэр төрийн гоолыг “Челси”-гийн экс довтлогч Саломон Калу 57 дахь минутад орууллаа.

Валенси (Испани) - БАТЭ (Беларусь) 4:2


Гоол: Жонас 26, Роберто Сольдадо 29-пен, Софьян Фегули 51, 86 - Ренан Брессан 53, Дмитрий Мозолевский 83  

Испанийн “Валенси” клуб “Месталья” цэнгэлдэх хүрээлэндээ Беларусийн аварга БАТЭ-г хүлээн авч, 4:2-оор сөхрүүлж, хэсэгтээ есөн оноотой боллоо. Уг нь Беларусийн даруухан баг БАТЭ хэсгийн эхний хоёр тоглолтод “Лилль”, “Бавари”-г сөхрүүлж, шуугиулаад байсан ч “Валенси”-тэй хийсэн удаах хоёр тулаанд үнэн нүүр царайгаа харуулж, дараалан бүдэрлээ. Уг тоглолтод “Сарьсан багваахайнууд”-аас Фегули дубль хийж, Жонас, Сольдадо нар тус бүр нэг бөмбөг хийв. Харин зочдоос Ренан Брессан, Дмитрий Мозолевский нар гоолджээ.  

 “G” хэсэг

Селтик (Шотланд) - Барселона (Испани) 2:1


Гоол: Виктор Ваньяма 21, Тони Уотт 83 - Лионель Месси 90+1

Шотландын “Селтик” клубийн 125 жилийн ой энэ өдөр тохиосон. Тэд “Селтик парк” цэнгэлдэх хүрээлэндээ “Аваргуудын лиг”-ийн дөрвөн удаагийн аварга “Барселона”-г хүлээн авсан бөгөөд хүчирхэг өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авч, төрсөн өдөртөө том бэлэг барив. Тоглолтын эхний хагасын 21 минутад Шотландын багийн бельги Виктор Ваньяма булангийн ирсэн бөмбөгийг мөргөж, тулааны салхийг хагалсан бол, 83 дахь хоромд довтлогч Тони Уотт багийнхаа хоёр дахь гоолыг Вальдесийн хаалганд шигтгэж, Каталоны багийг хүнд цохилтод оруулсан. Харин үндсэн цаг өндөрлөөд нэг минут өнгөрч байхад сүүлийн гурван жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси “Аваргуудын лиг”-ийн шинэ улирлын анхны гоолоо оруулж, тоог ойртуулсан ч тэнцүүлэх хугацаа үлдсэнгүй.

Бенфика (Португал) - Спартак (ОХУ) 2:0


Гоол: Оскар Кардосо 55, 69

Өмнөх тоглолтод гэртээ өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, хасагдах шатны өрсөлдөөнд багтсан ОХЦ-ын хамгийн олон түрүүтэй “Спартак” Лиссабон хотын “Да Луиш” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн “Бенфика”-гийн эсрэг юу ч хийж чадалгүй 0:2-оор хожигдлоо. “Бенфика”-гаас парагвай довтлогч Оскар Кардосо хоёрдугаар үеийн эхэнд сэлгээгээр гарч ирээд 55, 69 дэх минутад гоол оруулж, дубль хийсэн. Хэрэв тэрбээр 77 минутад пенальти алдаагүй бол түүний зөрүү үүнээс илүү болох байв. Ингэснээр Москвагийн баг хасагдах шатанд өрсөлдөх эрх нь бараг үгүй боллоо. Учир нь тэд үлдсэн хоёр тоглолтод “Барселона”, “Селтик” гэсэн хүчирхэг багуудтай тоглоно. Тиймээс хасагдах шатанд өрсөлдөх шаанс бага гэсэн үг.

 “H” хэсэг

Брага (Португал) - Манчестер Юнайтед (Англи) 1:3


Гоол: Алан 49 пен - Робин ван Перси 80, Уэйн Руни 84-пен, Хавьер Эрнандес 90+2

Будант Албионы шилдэг багуудын нэг “Манчестер Юнайтед” Португалийн “Брага”-г талбай дээр нь 3:1-ээр буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан хоёр дахь баг боллоо. Тэднээс өмнө Испанийн “Малага” үүргээ биелүүлээд байв. Тоглолтын эхний хагаст гоол ороогүй. Харин хоёрдугаар хагасын 49 минутад “Брага”-гийн лидер Алан торгуулийн 11 метрийн цохилтоор тоог нээсэн бол “Улаан чөтгөрүүд”-ийн Робин ван Перси, Уэйн Руни, Хавьер Эрнандес нарын шилдэг довтлогчид нь тоглолтын сүүлийн 10 минутад дараалан гоол оруулсан байна.

ЧФР (Румын) - Галатасарай (Турк) 1:3


Гоол: Моду Сугу 53 - Бурак Йилмаз 18, 61, 74

Өнгөрсөн жилийн “Аваргуудын лиг”-т шөвгийн наймд шалгарч, багийнхаа түүхэн амжилтыг үзүүлсэн Румыний ЧФР талбайдаа Туркийн “Галатасарай”-д 1:3-аар хожигдлоо. Тоглолтын эхний хагасын 18 минутад “Галатасарай”-гийн довтлогч Бурак Йилмаз гоол оруулж, тоглолтын салхийг хагалсан. Харин талбайн эзэн багийн Моду Сугу 53 минутад тоог тэнцүүлэв. Гэвч эхний бөмбөгийг шигтгэсэн Йилмаз 61, 74 минутад дараалан гоол оруулж, хет трик хийлээ.  

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top