Эрчүүд эхний даваанд хүнд сугалаа татлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Бразилийн Салвадор де Бахиа хотод жүдо бөхийн багийн ДАШТ өнөөдөр Монголын цагаар 22:00 минутад эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг 12 баг өрсөлддөг бөгөөд манай улсын эрэгтэй, эмэгтэй цагаан өмсгөлтнүүд Олон Улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны урилгаар оролцож буй. Дөрвөн тивийн 18 улсын 228 жүдоч хүч үзэж буй тэмцээний сугалаа өчигдөр шөнө гарчээ. Монголын эрэгтэй цагаан өмсгөлтнүүд тун хүнд сугалаа татаж, жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн БНСУ-ын багтай оноолт таарчээ. Манайхан Гуулин улсын жүдочдыг ялбал Алжир, Аргентиний багийн аль ялсантай барилдана. Хэрэв эхний хоёр даваагаа гэтэлчихвэл эрчүүд медаль хүртэх боломжтой.

2007 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монголын эмэгтэй жүдочид тун боломжын сугалаа татжээ. Бүсгүйчүүд эхний даваанд Украинтай оноолт таарсан. Хэрэв Украиний цагаан өмсгөлтнүүдийг ялваас БНСУ, Германы багийн аль ялсантай барилдана.

Багийн ДАШТ-д манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Г.Түвшинжаргал, -90 кг-д Б.Жанчивдорж, +90 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, -70 кг-д Ц.Наранжаргал, +70 кг-д П.Лхамдэгд нар Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням, “Женко” клубийн дасгалжуулагч ОУХМ Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор хүч үзнэ.

Б.Батаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top