Ерөнхийлөгч CNN-д ярилцлага өгөв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын индрээс “Хуулийн засаглал” сэдэвт өндөр түвшний уулзалтад үг хэлснийхээ дараа дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх агентлаг болох Нью-Йорк хотноо байрлах CNN-ийн төв байранд зочлов.

Тус байгууллага НҮБ-ын чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон хэд хэдэн орны төрийн тэргүүдээс ярилцлага авахаар урьсан бөгөөд тус телевизийн нэрт сэтгүүлч Кристина Аманпаурын ярилцлагын нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч зочноор оролцов.

Кристина Аманпаур нь дэлхийн хэмжээний бодлого, стратегийн асуудлаар ихэвчлэн улс орнуудын төрийн тэргүүд бодлого тодорхойлогчдыг өөрийн ярилцлагын цагтаа урьдаг бөгөөд энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын тухай хэд хэдэн онцлох асуултад хариулт авав.

Ярилцлагын эхэнд Кристина Аманпаур “Дэлхийн нэлээд жижигхэн мөртөө хамгийн үлгэр жишээ амжилтыг үзүүлсээр ирсэн Катарын тухай Та бүхэн мэдэх билээ. Харин одоо тэгвэл Катараас ч илүү анхаарал татсан нэгэн орны тухай та бүхэндээ танилцуулах гэж байна. Та бүхэн дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй орныг мэдэх үү? Хэрвээ Та Хятад гэж хариулах бол та буруу бодож байна. Энэ бол Монгол Улс...Хятад, Оросын дундах Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө Хятадаас хоёр дахин хурдтай хөгжиж байна” хэмээн нэвтрүүлгээ эхлэв. Тэрээр цааш нь АНУ-аас сүүлийн жилүүдэд Монгол Улсад айлчилсан Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нарын айлчлалыг дурьдаад Монголын эдийн засгийн ийнхүү огцом өсөлт нь уул уурхай, газрын баялаг ашигт малтмал гэдгийг онцлов. Ярилцлагынхаа эхэнд Кристина Аманпаур Уул уурхайн асар их баялагтай орны хувьд Монголд ямар сорилт бэрхшээл тулгарч байгааг асуув. Ерөнхийлөгч, бид ард түмнийхээ чөлөөт сонголтыг эрхэмлэсэн ардчилсан засаглалтай улс, ард түмэн зөвийг тунгааж бурууг залруулж чаддаг ямар ч эрх мэдэлтэн, төр засгаас илүү ухаалаг байдаг. Бид бусад улс орнуудын алдаа онооны сургамжаас суралцан алдаа гаргахгүй амжилтад хүрэхийг зорьж байна гэв.

Ярилцлагыг албан бус орчуулгаар хүргэвэл

“К.Аманпаур: Та өнөөдөр НҮБ-ын Чуулган дээр үг хэлэхдээ авлигын эсрэг чухал үг хэллээ. Та энэ асуудал дээр ямар бодлого баримталж байна?

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголыг бүс нутгийнхаа ардчиллын хөтөч гэдэг. Монгол Улс 1990-оноос хойш ардчилал, чөлөөт нийгмийг байгуулахын төлөө олон бэхршээлийг туулж ирсэн. Харин авлига бол ардчилсан нийгмийг мөхөөх хамгийн хүчтэй заналт дайсан нь юм. Ардчиллыг шинэ тутам төлөвшүүлж байгаа орнуудын хувьд эргээд унаж байгаа гол шалтгаан нь авлига болдог. Бид авлигатай эрс шийдэмгий тэмцэхийг бодлого болгож байгаа. Монголд авлигын эсрэг хууль, түүнтэй тэмцэх бие даасан байгууллага болон хараат бус шүүхийн тогтолцоо бий.

К.Аманпаур: Байгалийн баялагтай холбогдуулаад аль улс танай улсын хамгийн гол хамтрагч болж байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бидэнд тодорхой стандарт шалгуурууд бий. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагыг өндөрт ухамсарласан, манай ард түмний ашиг сонирхлыг хүндэтгэсэн, түүнд нийцсэн ямар ч орон бидэнтэй хамтран ажиллах боломж нээлттэй байгаа.

К.Аманпаур: Одоо газрын зураг дээрээс харахад танай улстай хамгийн ойр том зах зээл бол Хятад Улс байна. Танайх энэ чиглэлд түлхүү хамтран ажиллах уу, эсвэл?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид дэд бүтцээ сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Бид илүү олон гарцыг эрэлхийлж байгаа.

К.Аманпаур: Америкийн тухайд?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол Улс, АНУ нь үнэт зүйл нэгтэй ард түмнүүд. Манай зэвсэгт хүчний төлөөлөл дэлхий нийтийн халуун цэгүүд болох Ирак, Афганистанд энхийг сахиулж байна. Мэдээж АНУ-ын талд Монгол Улстай уул уурхайн хувьд хамтран ажиллах боломж нээлттэй байгаа. Бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь олон талын тэнцвэртэй хөрөнгө байдлыг эрхэмлэж буй хэрэг юм.

К.Аманпаур: Эдийн засгийн болон стратегийн асуудлаас түр холдоод өөр зүйлийг асууя. Та саяхан Эвсэлд үл нэгдэх орнуудын чуулганд оролцох үеэрээ Ираны цөмийн баяжуулах цогцолборт орсон анхны гадаад улсын төрийн тэргүүн боллоо. Та яагаад тэнд очих болов, бас ямар дүгнэлттэй үлдэв?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Үнэндээ Эвсэлд үл нэгдэх орнуудын чуулганд оролцож байгаа улс орнуудын тэргүүнүүдэд бүгдэд нь тэнд очиж үзэх боломж нээлттэй байсан. Тэгээд би яагаад тэнд очиж үзэж болохгүй гэж бодсон. Манай Улсын байр суурь цөмийн асуудалд маш тодорхой ханддаг. Тухайн айлчлалын үеэр ч бас маш тодорхой л байсан. Нэгд, Ираны цөмийн хөтөлбөр нь аливаа тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлж болохгүй. Хоёрт, Тэд цөмийн хөтөлбөрөө НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хяналт шалгалтын өмнө нээлттэй байлгах ёстой. Гуравт, Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. Үүнийг НҮБ дэмжсэн. Энэ бол зөвхөн Монголд чухал асуудал биш дэлхийд ч чухал асуудал юм.   

К.Аманпаур: Та Эвсэлд үл нэгдэх орнуудын чуулганд оролцох үеэрээ БНАСАУ-ын төрийн өндөр албан тушаалтантай уулзсан. Та Хойд солонгосын шинэ удирдагчийг шинэчлэл авчирч чадна гэж үзэж байна уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Бид тус улстай маш өвөрмөц харилцаатай. Тухайлбал бид БНАСАУ болон БНСУ-д аль алинд нь Элчин сайдын яамтай. Бид Хойд солонгостой уламжлалт сайн харилцаатай. Миний бодлоор Хойд солонгос эдийн засгаа шинэчлэх ёстой. Ер нь зөвхөн Хойд солонгос ч бус “стан” орнуудын тухайд бид ардчилал, чөлөөт нийгэм рүү шилжих шилжилтийн талаар хуваалцах чамгүй туршлага бий гэж боддог.

 К.Аманпаур: Тэгэхээр ардчилал эрх чөлөөний тухай сэдэв рүүгээ эргээд оръё. Та ардчиллын төлөө тэмцэгч хүн. Танай улсын өмнөх Ерөнхийлөгч шүүхээр яллагдсан. Энэ талаар?

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол бол шударга ёсыг тогтоохын төлөө авлигатай өргөн далайцтай тэмцэж байгаа орон. Хэн ч ямар ч хүн хуулиас дээгүүр эрх эдэлж болохгүй. Энэ бол ардчиллын амин сүнс нь. Бид ард түмнийхээ эрх чөлөөний сонголтоор олж авсан ардчиллыг хамгаалахын тулд зарим хүндрэл бэрхшээлтэй халгалгүй тулах ёстой. Тийм учраас авлигатай тэмцэх ёстой” гэснээр ярилцлага өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top