Хоёр орны харилцаанд газрын хол нөлөөлөхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс хойш БНКУ-аас манай оронд Элчин сайдаар ажилласан хатагтай Мария Ортенсия Феблесийг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд эрхэмсэг хатагтай Мария Ортенсия Феблес “Би сайхан монгол оронд Элчин сайдаар дөрвөн жил ажиллаад хугацаа дуусч буцах болсон тул энэ хугацаанд манай Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, тус дэм үзүүлж байсан нийт хүмүүс, парламентын гишүүд, түүний дотор УИХ дахь Монгол-Кубын бүлгийн гишүүдэд баярласнаа хэлэх гэсэн юм. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, парламентын зүгээс байнга дэмжлэг, үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд гүнээ талархаж байна. Үнэндээ монгол найз нөхдөө орхиод явах болсондоо бага зэрэг гунигтай байна” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд эрхэмсэг хатагтай Мария Ортенсия Феблест “Монгол-Кубын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн жилүүдэд өргөжин хөгжиж ирлээ. Манай оронд Элчин сайдаар ажилласан энэ хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд Таны оруулсан хувь нэмрийг бид  үнэлж байна” гээд “Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 52 жил болж  байна. 2010 онд бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо харилцан тэмдэглэсэн бөгөөд ойн хүрээнд ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн. Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн яриа хэлцээг янз бүрийн түвшинд явуулж ирсэн нь хоёр орны найрсаг, дотно харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсон” хэмээн тэмлэглээд   БНКУ олон жилийн өмнөөс манай оюутнуудыг Засгийн газрынхаа тэтгэлгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн авч их, дээд сургуульдаа суралцуулж ирсэн сайхан уламжлалаа хадгалан, одоо ч тэтгэлэг олгож байгаад талархал илэрхийлэв.

Тэрбээр мөн УИХ-ын дэд дарга Д. Лүндээжанцан тэргүүтэй парламентын төлөөлөгчид Куба Улсын Үндэсний Ассамблейн урилгаар 2007 онд тус улсад ажлын айлчлал хийсэн, УИХ-ын дарга агсан Л.Энэбиш тэргүүтэй төлөөлөгчдийн  2001 онд хийсэн албан ёсны айлчлал манай хоёр орны харилцааг бүх салбарт сэргээн хөгжүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглээд Монголын парламентад Монгол-Кубын парламентын бүлэг байгуулагдаж ажиллаж ирсэн,  шинээр байгуулагдсан УИХ ч энэ уламжлалыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна гэлээ.  

Эрхэмсэг хатагтай Мария Ортенсия Феблес УИХ-ын даргад талархлаа илэрхийлээд Монголд байхад цаг уурын хувьд амаргүй хүйтэн байсан ч монгол хүмүүсийн халуун дулаан сэтгэлд бүлээцэж байснаа дурсаад Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа хоёр орны харилцааг зөвхөн улс төрийн төдийгүй бусад салбарт, тухайлбал, шинжлэх ухаан-техник, худалдаа-эдийн засгийн салбарт хөгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж ирсэн, жишээ нь, Куба улсын биотехнологийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулж ирэхэд анхаарч ажилласан, тухайн бүтээгдэхүүн удахгүй орж ирнэ гэдэгт найдаж байна. Кубын Засгийн газар Монголын боловсон хүчнийг  бэлтгэхэд анхаарч, сүүлийн гурван жилд зөвхөн анагаах ухааны чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг өгч байсан. Олон улсын эдийн засгийн байдал, Кубын төсөв санхүүгийн боломжоос шалтгаалан олон орны оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрөөс хассан ч Монголын оюутнуудынхыг хэвээр үлдээсэн тухай ярилаа.

УИХ-ын дарга Куба улсад ялангуяа шүдний эмчилгээ сайн хөгжсөн, монголчууд энэ чиглэлээр сурч ирснийг онцлоход хатагтай Мария Ортенсия Феблес “Анагаахаас гадна спортын чиглэлээр хоёр улс хамтран ажиллах боломжтой, Кубад байдаг Спортын хүрээлэнд Монголын тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэх, Монголд бас Кубын дасгалжуулагчдыг гэрээгээр ажиллуулах боломж бий” гээд кубачууд Монголчуудын спотрын амжилтыг өндөр үнэлдгийг тэмдэглэлээ.  

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд зөвхөн парламент, Засгийн газар хоорондын харилцаа төдийгүй албан бус харилцаа, хувь хүмүүс хоорондын хэлхээ холбоо чухал, үүнд газрын хол саад болохгүй гэдгийг онцлоод эрхэм хатагтайн цаашдын ажил амьдралд  сайн сайхныг хүслээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top