Ж.Батзандан: Хуулийг хэрэгжүүлэх сэтгэлтэй ажиллавал болохгүй асуудал гэж байдаггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21

Нийслэлд баригдаж буй барилгын ажлын явцад сүүлийн 14 хоногийн дотор дөрвөн хүний амь нас эрсдэж, гэмтсэн ноцтой хэрэг зөрчил гарсныг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаснаар энэ сарын 18-нд Барилын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалж, О.Баасанхүү, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батсуурь, Г.Баярсайхан нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хоёр өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Барилга хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын ажлын алба болон Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтнүүдтэй уулзсан байна.

Улаанбаатар хотод 70 гаруй зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилга байгууламжууд байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр ажил үүргээ биелүүлж чадахгүй, хууль зөрчиж буй албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн байна. Мөн холбогдох байгууллагуудад барилгын ажил ид өрнөж байгаа энэ цаг үед онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон байна.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан: "Барилгын салбарын тогтолцоог сайжруулах, хуулийн хийдэл, давхардал, ойлгомжгүй байдлыг арилгахад анхаарах чиглэлд ажиллах нь ажлын хэсгийн гол зорилго юм. Манай улсад барилгын явцын шалгалт үндсэндээ байхгүй болсон. Зөрчил гарч буй барилгуудын дийлэнх нь зөвшөөрөлгүй байна. Газрын зөвшөөрөл, техникийн зөвшөөрөлгүй барилгуудыг нураахаас өөр аргагүй. Харин төрийн албаны хүнд суртлын өмнө бөхийсөн, авлигаас болж зөвшөөрлөө гүйцэд авч чадаагүй иргэд, аж ахуй нэгжийг дэмжиж, иргэний эрхийг нь хүндэтгэж ажиллана. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэгжүүлэх сэтгэлтэй ажиллавал гарц бий. Холбогдох байгууллагуудад хуулиа хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон. Гэхдээ барилгын тухай болон хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг сайжруулах талаар ажиллах болно" гэлээ. Дээрх ажлын хэсгийнхэн санал, дүгнэлтээ ирэх аравдугаар сарын 5-нд гаргаж, УИХ-д танилцуулна.

А.ТЭМҮР


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top