Улсад ашигтай үйлдвэрийн үйл ажиллагааг төр хамгийн түрүүнд дэмжинэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 21
УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажилласан анхны томилолтынхоо хоёр дахь өдрийг Орхон, Сэлэнгэ, Дархан аймагт өнгөрөөлөө. Тэрбээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Улсын эмнэлэг гэхэд эмчилгээ, оношилгооны аппарат дутмаг, хэвтэх орны тоо хүрэлцдэггүй, хүүхдийн эмнэлэг барих зураг төслийн ажил зогссон гээд бэрхшээл нэлээдгүй байгаа талаар тус эмнэлгийн захирал М.Баттүшиг ярьж байсан. Тухайлбал, тархины компьютер оношилгооны төхөөрөмж буюу томограф аппаратыг хувийн компаниас түрээсийн гэрээгээр авч ашиглаж байгаагаа эмнэлгийн удирдлагууд дуулгасан. Түүнчлэн өвчлөл эхсэх, багасах аль ч үед Баян-Өндөр сумын төрийн гэлтгүй хувийн эмнэлэг хэвтэж эмчлүүлэгчдийн ачааллаа даахгүйд хүрсэн байна. Ер нь бүсийн оношилгоо, үйлчилгээний төв эмнэлэг болсноор  зарим тусламж үйлчилгээтэй нь холбоотойгоор баруун хязгаар Говь-Алтай аймгаас хүртэл өвчтөн ирдэг ажээ. Гэхдээ эмч ажилтнуудын хувьд цалин нэг шатлалаар ахисан, эмчлүүлэгчдийнхээ тоогоор Эрүүл мэндийн даатгалаас авдаг мөнгө өссөн гээд таатай мэдээллүүд ч байна. Тус эмнэлэг өвчтөнд үзүүлэх үйлчилгээгээ төлөвлөснөөсөө байнга давуулдаг аж. Харин энэ онд хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй, тодорхой эх үүсвэрийг төсөвт суулгасны дагуу зураг, төслийн ажил хийгдэж байсныг төсөвт сая нэмэлт тодотгол хийх үеэр эмнэлэг баригдахгүй болсон гэдэг мэдээллийг салбар хариуцсан яамнаас өгч зураг, төслийн ажлыг зогсоосныг М.Баттүшиг захирал ярьж байсан. Энэ асуудалд З.Энхболд дарга “Хүүхдийн эмнэлэг барих ажлыг бүр болиулсан асуудал байхгүй. Төсөвт тодотгол хийхдээ төлөвлөгдсөн зарим ажлыг ирэх онд хийхээр хойшлуулсан юм. Тиймээс та нарт хүүхдийн эмнэлэг барих ажлын эхлэл болсон зураг, төслийн ажлыг зогсоо гэдэг ташаа мэдээллийг өгсөн байна. Ажлаа хэвийн үргэлжлүүл” гэлээ.

        УИХ-ын даргын саатсан дараагийн газар нь Хүүхдийн ордон юм. Бөмбөлөг барьсан хүүхдүүд парламентийн тэргүүнийг угтаж улмаар дуулж, хөгжимдөх зэргээр сургалтын үйл ажиллагаатайгаа танилцуулсан. Энэ ордон хүүхдүүдийн авъяасыг нээх зорилготойгоор хичээлийн үндсэн программаас гадуур морин хуур, дүрслэх уралаг, уран зураг, язгуур урлаг, бөхийн секц, хөгжмийн сургалтуудыг зохион байгуулдаг юм байна. Түүнчлэн цахим танхимд хүүхдүүдийн анхан шатны компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж буйтай З.Энхболд дарга танилцаад баазаа ашиглан сургалтын хөтөлбөрөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байлаа.

        УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ парламентийн тэргүүний орон нутаг дах анхны томилолт нь ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилготой байсан. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн сайхан сумын Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өндөр ач холбогдол өгч ажиллалаа. Учир нь Монгол Улсын хөгжилд үр ашигтай улсын үйлдвэрүүдийг төр хамгийн түрүүнд дэмжих бодлого баримталж байна.  Тиймээс Хөтөлийн үйлдвэрт З.Энхболд даргаас гадна Засгийн газрын гишүүн Ч.Улаан, Н.Батбаяр сайд ажиллаж үйлдэрүүдийн өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцсан юм.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр  жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1985 онд байгуулагджээ. Харин өнөөгийн байдлаар цемент 280, шохой 40 мянган тонныг үйлдвэрлэхийн зэрэгцээ Хөтөл тосгоныг дулааны эрчим хүчээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Тус үйлдвэр 870-аад ажиллагсадтай. “Хөтөлийн “Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн цемент үйлдвэрлэх технологийг хуурай аргад шилжүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа гэдгийг  тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор хэлж байсан.

Төслийг хэрэгжүүлэхийн өмнө 2000 онд Япон улсын Зөвлөх институт Хөтөлийн Цемент- шохойн үйлдвэрийг хуурай аргад шилжүүлэх тооцоо хийхдээ зөвхөн эргэх 2-р зуухыг тайрч богиносгон хуурай аргад шилжүүлэх боломжтой гэж үзсэн юм байна. Үүний дагуу шинэчлэлтийн ажлыг 51,6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийхээр судалгааны тайлан боловсруулж, дүгнэлт гаргажээ. Ингээд  Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайд, Төрийн Өмчийн Хорооны даргын 2011 оны 03/09 дугаар хамтарсан тушаалаар “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллуулж,  11 оролцогчоос “Бэйзмент ХХК”-ийн саналыг шалгаруулснаар төслийн үйл ажиллагаагаа эхлээд байгаа гэдэг мэдээллийг холбогдох удирдлагууд З.Энхболд даргад өглөө.                            

        Үйлдвэрийн технологийн хуурай аргын шугамыг барих төслийн хүрээнд жилд 600 мян.тн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулах, “Хөтөл -2” ил уурхайн цогцолбор, жилд 1500 мян.тн шохойн чулуун олборлолт хийх хүчин чадалтай мөн ил уурхайн цогцолбор байгуулагдахаас гадна төмөр зам, авто тээврийн цогцолборын ажил ч хийгдэнэ. Түүнчлэн жилд 350 мян.тн нүүрс, 1,0 сая тн цемент тээвэрлэх чадвар бүхий төмөр замын зүтгүүр, ачааны вагоны цогцолбор баригдаж жилд 1.5 сая.тн шохойн чулуу тээвэрлэх зэрэг их бүтээн байгуулалт өрнөх юм байна.

Хуурай аргын цементийн үйлдвэрийг ирэх жилийн 7 дугаар сард ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа. Ингэснээр хоногт 2500 цемент, жилд 1 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадагш экспортлох болно гэдгийг А.Шоовдор дарга ярьж байлаа. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр үйлдвэрийн эзэмшилд байдаг 2 ордыг тойруулаад лиценз олгож эхэлснийг цэгцлэх шаардлагатай байгаа талаар З.Энхболд даргад мэдэгдсэн. Түүнчлэн хуурай аргын үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд БНХАУ-д үйлдвэрлэсэн хуурай аргын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн материалын гаалийн бүрдүүлэлтийг объектыг иж бүрэн байгуулж дуусмагц гаалийн баталгаат агуулахаар хийлгэх асуудлыг төр засгийн байгууллагаар  шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэсэн.  Улсад алсдаа хамгийн үр өгөөжтэй байх  энэ үйлдвэрийн төслийг төр, засгийн  зүгээс хамгийн түрүүнд дэмжих бодлого баримталж байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Улаан энэ үеэр мэдэгдэж байсан.

        Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд Монгол Улсын хэмжээнд гангийн үйлдвэрийг хувиараа эрхэлж буй 30-аад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхний ээлжинд хязгаарлаж улсын үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөх ажилд төр засгаас анхаарал хандуулах шаардлагатай байгааг  холбогдох удирдлагууд нь дурдлаа. Монголын металлургийн салбарын анхдагч, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч энэ үйлдвэрийн арматур төмөр монголдоо хамгийн сайнд тооцогддог. Гэтэл хаягдмал төмрөөр түүхий эдээ болгодог хувийн компаниуд арматур төмөр үйлдвэрлэж байгаа нь барилгын чанарт муугаар нөлөөлдөг гэдгийг тус үйлдвэрийн ерөнхий захирал П.Эрдэнэцогт ярьж байна. Уг нь хувийн үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт Мэргэжлийн хяналтын газрын байгууллагатай хамтарч шалгалт хийгээд улмаар үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авсан юм байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд хэсэг хугацааны дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Учир нь дээрх компаниуд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хашаандаа аваачаад түүнийгээ мэргэжлийн хяналтын байгууллагуудад үзүүлж стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч эхэлсэн байна. Эл асуудалд З.Энхболд дарга Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийж муу бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын үүдийг барих ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.  Ган бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь барилгын салбар. Тиймээс газар хөдлөлтөд тэсвэртэй барилга, орон сууц барихад арматур төмрийн чанар хамгийн чухал юм. УИХ, Засгийн газар энэ үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжиж дотоодын хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр хангаж ажиллахад анхаарал хандуулна гэсэн. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболдын энэ удаагийн томилолт энэ хүрээд өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top