Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ АНУ, Францын элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

 

    Өнөөдөр  УИХ, Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдож, саяхан итгэмжлэх жуух бичгээ барьсан хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд талууд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгааг тодотгоод өнөөг хүртэл  хоёр орны хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт түргэн хурдацтай хөгжиж ирсэн он жилүүд байснаа онцоллоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар хоёр орны харилцааг хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийн үзэл санааны дагуу өргөжүүлэн хөгжүүлэхээ 2011 онд дахин нотолсон нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлсон үйл явдал болсон гэж үзэж байгаагаа энэ үеэр Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тодотголоо. Цаашлаад хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ харилцаа нь хоёр улсын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болсныг энэ үеэр хоёр талууд тэмдэглэн хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хоёр талын харилцааны залгамж чанарыг хангаж, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдээр хийгдэж, төлөвлөгдөж буй ажлуудыг үргэлжлүүлэх, зарим талаар цаашид хөгжүүлэн баяжуулах талаар анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

        Ер нь хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйн илрэл нь бүс нутагт зохиогдож буй цэргийн олон талт хамтын ажиллагааны арга хэмжээнүүдэд манай улсын цэргийн албан хаагчдыг оролцуулахад дэмжлэг үзүүлж, эдгээр арга хэмжээнд оролцох боломж олгож байгаа явдал нь бүс нутагт ойр дотно хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар амгалан тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн Ази-Номхон далайн бүс нутгийг бий болгоход дөхөм болж байгаагаас харж болох билээ.

          Мөн өдөр УИХ, Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д. Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзсан юм. БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн дэмжлэгтэйгээр БХИС-ийн дэргэд франц хэлний дамжаа хичээллэдэг бөгөөд тухайн дамжааны төгсөгчдөөс өнгөрсөн хугацаанд Франц Улсын БХЯ-ны тусламжаар Францын цэргийн сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 орчим цэргийн албан хаагч амжилттай суралцан төгссөн мөн өнгөрсөн 8 дугаар сард монголын Зэвсэгт хүчнээс анх удаагаа 4 офицер Францад очиж мэргэжил дээшлүүлэхээр суралцуулж буйд талархал илэрхийлээд мөн ирэх 10 дугаар сард Бельгийн нийслэл Брюссель хотноо болох НАТО-гийн гишүүн орнууд болон Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин /ISAF/-д цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын ээлжит хуралд оролцох  үеэрээ  “Монгол Улс, БНФУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тул энэ тал дээр туслаж, дэмжихийг Монгол улсын Батлан хамгаалахын сайд энэ үеэр хүслээ. Одоогийн байдлаар Монгол Улс НАТО-гийн тэргүүлж буй Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаа (ISAF)-нд нийтдээ 350 гаруй, НҮБ-ын мандаттай энхийг сахиулахын ажиллагааны хүрээнд Өмнөд Суданд 850, Суданы Дарфурт 100 орчим цэргийн албан хаагч, мөн Баруун Сахар, БНАКУ, Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаанд 10 гаруй цэргийн ажиглагчдыг тус тус илгээж буй талаар энэ уулзалтын үеэр мэдээлэл хийж цаашдаа Францын Зэвсэгт хүчинтэй хамтран НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чиглэлээр хамтрахдаа таатай байгаагаа талууд илэрхийллээ.

      Дашрамд сонирхуулахад 2008 оны 11 дүгээр сард БНФУ-аас буцалтгүй тусламжийн журмаар Монгол Улсын Зэвсэгт хүчин Францын талаас 483,2 сая төгрөгийн үнэ бүхий цэргийн хувцас, хэрэглэлийг хүлээн авсан ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top