УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тайлангаа тавилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей 2012 оны УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын тайлангаа өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав. Байнгын хороо төлөвлөсөн зорилгоо биелүүлж ажиллаж чадлаа хэмээн мэдэгдлээ.

Нийт есөн удаа хуралдаж, арван зургаан асуудал хэлэлцсэнээс байнгын хорооны хуралдаанаар есөн хуулийн төсөл, зургаан УИХ-ын тогтоолын төсөл, давхардсан тоогоор 16 хууль, УИХ-ын тогтоол зургааг баталж, байнгын хорооны санал дүгнэлт 15-ыг гаргажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Р.Бурмаа, Н.Батбаяр, С.Баярцогт, Д.Батцогт, С.Оюун, Ц.Даваасүрэн нарын гишүүдийн санаачилсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар баталсан.  Орон нутгийн хурлын сонгуулийг ирэх арванэгдүгээр сарын 21-нд зохион байгуулах бөгөөд уг хуультай холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль хүчингүйд тооцох тухай УИХ-ын тогтоол зэрэг төслүүдийг хэлэлцжээ.

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн зардлын хэмжээг 5,206,020,836,0 \ таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаа \ төгрөг байхаар, дээрх зардлын 3679,400.000 төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсвөөс, 116,320,836 төгрөгийг УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын үлдэгдлээс, саналын хуудас хэвлүүлэхэд зориулан орон нутгийн төсөвт тусгагдсан 1,410,300.000 төгрөгийг СЕХ-ны төсөвт төвлөрүүлж, бусад зардлыг орон нутгийн төсвөөс гаргахаар тогтоолыг баталсан байна.  

 Мөн тус байнгын хороогоор хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсны дагуу баталсан гэдгийг УИХ-ын гишүүн А.Бакей онцолж байлаа. Уг УИХ-ын тогтоолыг батлахдаа ажлын хэсэг байгуулж, байнгын хороодоос гарсан 90 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж байсныг ч дурьдсан юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр таван хэсгээс бүрдэж байгаа. Үүнд:

Ажил орлоготой Монгол хүн – 158 зорилт

Эрүүл чийрэг Монгол хүн – 23 зорилт

Эрдэм мэдлэгтэй Монгол хүн – 39 зорилт

Аюулгүй орчинтой Монгол хүн – 56 зорилт

Эрх чөлөөтэй Монгол хүн – 49 зорилт зэрэг нийт 325 зорилтыг хэрэгжүүлж ажиллахыг УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон гэлээ.

Түүнчлэн дөрвөн дэд хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгч болон ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томилж, УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хүнсний тухай, Үнэт цаасны  зах зээлийн тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл зэрэг нэр заасан 11 асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Ээлжит бус чуулганы үед хамгийн олон хуралдсан, ачаалалтай ажилласан нь манай байнгын хороо байлаа. УИХ-ын бүтэц, Засгийн газрын бүтцийг батлах, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийн тулд амжилттай ажиллалаа гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top