МАН-аас нэг ч гишүүн гараагүй гэсэн нь худал боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Өнөөдөр МАХН-ын төв байранд МАХН-ын 300 гишүүн гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа гардлаа.

МАН-ын дарга Ө.Энхтүвшин “МАН-аас ямар ч гишүүд гараагүй бөгөөд гадуур яригдаад байгаа 300 гишүүн байтугай гурван ч гишүүн гараагүй байна” гэж мэдэгдэж байв. Гэтэл бодит байдал дээр огт өөр байна.  

МАН-аас гарч МАХН-д элсэгчдийн дотор НИТХ-ын тэргүүлэгч, намын бага хурлын гишүүн П.Хангал, Усны хэрэг эрхлэх газрын дэд дарга З.Батбаяр, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн асан О.Даваасүрэн, Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүн асан Б.Дашдорж, СБД-ийн намын хорооны дэд дарга асан Ц.Чулуун нар элсэж байгаагаа мэдэгдсэн юм.

МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн асан О.Даваасүрэн “Миний хувьд МАХН-д анх 1996 онд итгэл үнэмшлээрээ намын гишүүн болж байсан. Одоо би өөрөө шийдвэр гаргаад МАХН-ын уугуул намдаа элсэн орж байна. МАН-д байгаа удирдлагын түвшинд жирийн гишүүд хөрсөн дээр болж, амьдрал дээр буцалж байгаа үйл ажиллагааг мэддэггүй, мэдэрдэггүй, шинэчлэлийг бодитой хийхэд тэнд бидний дуу хоолой хүрч чаддаггүй. Ийм асуудлаас болж гишүүнчлэлээ сэргээсэн” гэлээ.

Гишүүнчлэлээ сэргээж буй МАН-ын гишүүдийн тухайд МАХН нь үзэл баримтлалын хувьд ялгаагүй, түүхэн тодорхой хугацаанд нэг улс төрийн хүчинд харьяалагдаж байсан болон жирийн гишүүд ард түмнээ байнга сонсож, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт хамтран ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж, одоогийн МАН-ын удирдлагууд нь гишүүд дэмжигчдээсээ хол алслагдсан, дотоод ардчилалгүй зэрэг байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн энэхүү аянд нэгдэж байгаа аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top