Орон нутгийн сонгуульд 6.6 тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

 

Дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  Төрийн ордны "А" танхимд хуралдлаа. Хуралдаанаар "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүд; "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал; "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцсэн юм.  

Хуралдааны эхэнд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд СЕХ-ны төлөөлөл оролцсон бөгөөд асуулттай гишүүд байсангүй.  Мөн санал хэлэх ч гишүүн байсангүй. Улмаар энэ асуудлыг  УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.  

Үүний дараа Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэв.  Хуульд заасны дагуу орон нутгийн сонгуулийн зардал болох 6.6 тэрбум төгрөгийн  5.2 тэрбумыг улсын төсвөөс гаргаж өгөх юм байна. Үүнээс гадна хуулинд нэг зүйл нэмэгдэж орсон бөгөөд сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг бүртгэх, татах болон бусад зардлыг төрийн захиргааны байгууллага хариуцна гэж заасан бөгөөд энэ зардал нь дээр дурьдсан 5.2 тэрбумд багтаагүй ажээ.  Өөрөөр хэлбэл Орон нутгийн сонгуульд шаардлагатай  үлдэгдэл 1.4 тэрбум төгрөгийг  Орон нутгийн төсвөөс гаргуулах ажээ.  

Уг нь  Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбумын хэрэгцээтэй байсан ч  Сангийн яам төсвийн тодотголд хорогдуулсан дүнгээр оруулсан байна. Улмаар орон нутгийн сонгуульд 6.6 тэрбум төгрөг зарцуулахаар болж үүнийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Үүний дараа ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу  Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.  Хуулиараа бол  МҮОНРТ-ийн ҮЗ нь 15 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийг зургаан жилийн хугацаатайгаар томилох ажээ.  Энэ удаад  Х.Чилаажав Р.Болд, Буянбадрах, Содномдорж, О.Эрдэнэ-Өлзий, О.Мөнгөнтуул нарын томилгооны хугацаа албан ёсоор дуусаж байгаа юм байна.  Ерөнхийлөгчөөс Б.Цэнддоо,  Д.Сосорбарам нарын нэрийг оруулж ирсэн бөгөөд тэднийг дэмжсэн. ЗГ-аас  А.Арман, А.Мөнхбат нарын нэрийг оруулж ирсэн бөгөөд мөн л олонх нь дэмжсэн.  Харин УИХ-аас 29 хүний нэр оруулж ирсний хоёр нь  ЗГ-аас оруулж ирсэн хүний нэртэй давхардсан тул 27 гишүүнээс сонгох болов.  Улмаар байнгын хорооны  гишүүдээр санал хураалгасан юм. Санал хураалтад 10 гишүүн оролцож  Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, С.Мягмар, Л.Пүрэв нар олонхийн дэмжлэгийг авснаар МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр томиллоо.

Үүний дараа УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг  хэлэлцэн батлав.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top