Архидалттай тэмцээд эхэллээ, янхандалтаа харин яах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

Архины үйлдвэрлэлийн онцгой албан татварыг нэмэгдүүлэн, худалдаалах үнийг өсгөснөөр манай нийгэмд нүүрлээд буй архидалтын эсрэг тэмцэж эхлээд байгаа билээ. Архидалтын уршгаар ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн тоо олшрон, нийгэмд эмх замбараагүй, тайван бус байдал үүсээд байгаа нь бүхний нүдэнд ил харагдсаар байна. Архитай холбоотой энэхүү шинэ шийдвэрийг талархан хүлээн авч дэмжиж байгаа нэг хэсэг байхад, шүүмжлэлтэй хандаж буй хүмүүс ч байна. Тэдний үзэж буйгаар юуны түрүүнд архитай тэмцэхээс өмнө хүмүүсийнхээ оюун санаа, ухамсартай тэмцэл өрнүүлэх хэрэгтэй гэнэ.

Ямартаа ч архидалттай хийх тэмцэл эхлээд явж байна, алсдаа үр дүн нь харагдан, дүн шинжилгээ хийж засаж залруулж болох биз ээ. Болж бүтэхгүй зүйлстэй хийх тэмцлийг юутай ч хугацаа алдалгүй, даруйхан эхлүүлж байх нь л хамгийн чухал.

Архидалтын дараагийн ээлжинд тавигдах бас нэг асуудал бол янхандалт яах аргагүй мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Нийгмээрээ мэдэрсээр атлаа хов живийн түвшинд ярихаас хэтрэлгүй, нүдэн балай, чихэн дүлий дүр эсгэн явсаар энэхүү бусармаг зүйлийг бүр их газар авахуулсаар байгаа билээ.

“Эмс охид нь самуурвал Эх орон сүйрдэг” гэсэн суутны мэргэн үг байдаг. Тэгвэл энэхүү янхандалт гэсэн нэр томьёо архидалтаас дутахааргүй Монголыг мөхөөж мэдэх нь. Зарим нь үүнийг балар эртний, бараг хүй нэгдлийн үеэс улбаатай “мэргэжил” гэлцэх юм билээ, гэхдээ л монголчуудад үнэн зохимжгүй “мэргэжил” ээ...

Дотооддоо болон гадаадын улс оронд биеэ үнэлж амьдардаг бүсгүйчүүд маш олон бий гэсэн яриа хаа сайгүй сонсогдоно. Тэдний хамрах хүрээ улам өргөжин, нас нь их залуужиж, дунд сургуулийн охид ч биеэ үнэлдэг болсон байна.  Бүр тэднийг удирдаж, зохион байгуулдаг хувь хүн, бүлэглэл сүлжээний маягаар ажилладаг ч гэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэрэгт манайхан орооцолдох нь нэмэгдсээр байгаа билээ. Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг улам чангатгаж өгөх нь улс орны тусгаар тогтнолд ч чухал үр өгөөжтэй арга хэмжээ болох нь дамжиггүй. Ер нь л энэ талаар төрийн “төмөр бодлого” зайлшгүй хэрэгтэй болоод байна.

Хамгийн наад захын жишээ гэхэд өмнөд хөрш Эрээн хотод “Ягааны гудамж” хэмээх алдартай газар байх. Ирсэн, очсон хүмүүсийн дунд тэр талаар ам дамжин өчнөөн зүйлс яригдсаар.  Тэнд асар олон монгол охид хүүхнүүд биеэ үнэлэн, олон сар жилээр амьдран суудаг аж. Нэг муу хужаагийн шавар тоосгон тагзанд тус бүрд нь өрөө гаргаж өгөөд, бичиг баримтыг нь хураан авч ямар ч гарцгүй байдалд оруулан,  босс нь болох хужаа нар тэдний мөнгөнөөс хувь хүртэн хангалуун амьдарцгаадаг гэлцэнэ. Босс болох балиар хятад авгай нараа “ээж” хэмээх эрхэм нандин үгээр нэрлэдэг нь бүр дургүй хүрмээр.  

Энэхүү “Ягааны гудамжны” талаар Эрээн хот дахь Монголын консул сонсоо л байлгүй дээ. Харин ямархуу арга хэмжээ авч байсан бол оо гэдэг нь сонин байна. Тэдгээр охид хүүхнүүдийн эл байдал нь нэг талаас хувь хүний асуудал ч, нөгөө талаасаа Монгол хэмээх эрхэм бахархалт нэрийг гутаасан, монгол бүсгүйчүүдийнхээ нийтлэг нэр хүндийг гадны гүрэнд навс унагаасан, үнэхээр эвлэрэх аргагүй бусармаг үзэгдэл болоод байна.

Улаанбаатарт хаа сайгүй үйлчлэгч, зөөгч ажилд авна гэсэн зар харагддаг. Тэгсэн атал, ажил олдохгүй, амьдрахын эрхээр биеэ үнэлдэг гэсэн шалтгааныг тэдгээр хүүхнүүд ярьж байна. Энэ нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн оролдлого уу,аль  эсвэл янхандахаас өөр ямар ч ажил хийх чадваргүй гэсэн үг үү...

Жич: Жил гаруйн өмнө "Ягааны гудамжны" тухай хийгдсэн бичлэгийг сонирхуулахаар тавив. Одоо ч уг байдал улам дордсон уу гэхээс огт дээрдээгүй байгаа аж.

Д.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top