УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: 2013 оны төсөв дээр ЗГ нэлээн нухацтай ажиллана гэж хүлээж байгаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 17

 

МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар тус бүлгийн дарга, УИх-ын гишүүн Н.Батцэрэгээс тодруулга авлаа.  

- Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв?

- УИХ-ын ээлжит бус чуулган завсарлах гэж байгаатай холбогдуулан ээлжит бус чуулганы явцад байнгын хороо, нэгдсэн хуралдаан дээр шийдэгдсэн асуудалд бүлгийн улс төрийн зорилго, зорилт хэрхэн биелэв гэдэг дээр гишүүд санал солилцсон. Өөрөөр хэлбэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт бидний амлаж байсан зүйлс хэрхэн тусгагдаж, биелэв гэх мэтээр санал солилцлоо. Үүний дараа МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүдийг томилоход бид ямар байр суурьтай байх вэ гэдэгт санал солилцсон. Маргааш ээлжит бус чуулган завсарлахаар гишүүд юу хийвэл дээр вэ гэдгийг бас ярилцсан байгаа. Парламентийн хяналтын механизмийг үр ашигтай ажиллуулах нь зүйтэй гэж манай гишүүд үзэж байгаа болохоор энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллах  болно.

- Орон нутгийн сонгуулийн тухай хуульд эвслийн зүгээс хэд хэдэн өөрчлөлт оруулахыг хүсэж байсан. Тэр бүхэн тусгагдсан болов уу?

- Ихэнх нь чадсан. Зургаан зүйлд бид зарчмын зөрүүтэй байгаагаа илэрхийлснээс тавыг нь зөвшилцлийн явцад авсан байгаа.

- Төсвийн тодотгол дээр МАН-аас саналын хувьд зөрүүтэй байсан. Үүн дээр эвслийн зүгээс ямар тайлбар хийх вэ?

- Бид хамтарсан Засгийн газар байгуулж байгаа болохоор төсөв дээр байгаа хүндрэлийг хурдан даван туулах үүднээс тодотголыг батлаад өгөх нь зүйтэй гэдэг байр суурь баримталсан болохоор дэмжсэн. Төсөв өөрөө цаг хугацааны хувьд зохицуулалт хийх зориулалтаар гарч ирж байна.  2013 оны төсөв, нийгэм эдийн засгийн төлөвлөгөөг оруулж ирэхдээ Засгийн газар нэлээн нухацтай ажиллана байх гэсэн хүлээлттэй байгаа байх.  

-  Ээлжит бус чуулганаар  парламент ажлаа сайн хийсэн гэж үзэж байна уу?

- Үүрэгт ажил гэдэг чинь төлөвлөсөн ажлууд шүү дээ. Төлөвлөсөн ажлуудын ихэнхийг нь баталсан болохоор сайн ажилласан гэж үзэж байна.  

- Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top