“Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент Үндэсний сургалтын хоёр дахь шат эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15


“Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент Үндэсний сургалтын хоёр дахь шат эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежмент үндэсний сургалтын орон нутгийн иргэдэд зориулагдсан хоёрдугаар шат өнөөдөр Төрийн ордонд нээлтээ хийв. 

 Энэ удаагийн үндэсний сургалтад 21 аймгиийн 330 сумдаас төлөөлөл болон ирсэн 1000 гаруй иргэд өргөнөөр оролцож байгаа бөгөөд  сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв.

Сургалтын үдээс өмнөх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Иргэдийн оролцоотойгоор Төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах нь” сэдвээр, МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор (PhD), дэд проф. А.Энхбат “Төвлөрлийг сааруулахад иргэдийн оролцоог дэмжих үндэсний дунд ба урт хугацааны стратегийн бодлогын баримт бичиг”-ийн тухай танилцуулга сэдвээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Иргэний танхимаар дамжуулан оролцоог хангах нь” сэдвээр, НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин “Хорооны дүрэм”-ийн тухай танилцуулга сэдвээр тус тус хичээл заав.

Сургалтын үдээс хойшхи хөтөлбөрт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэх бөгөөд Шууд ардчиллын хүрээлэнгийн захирал А.Саруул “Орон нутгийн иргэдийн санал хураалт”-ын тухай танилцуулга сэдвээр лекц унших юм. Мөн УИХ-ын гишүүн бөгөөд Сангийн сайд Ч.Улаан “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн тухай танилцуулга сэдвээр, УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хорооны Иргэдийн нийтийн хурлын дэг”-ийн тухай танилцуулга сэдвээр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Нийтийн зар мэдээг түгээх журам”-ын тухай танилцуулга сэдвээр, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр “Орон нутгийн эрх мэдэл, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр тус тус сургалт явуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний сургалтыг хааж үг хэлсний дараа оролцогчдын төлөөлөлд “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн боловсролын анхан шатны сургалтын гэрчилгээ гардуулах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top