З.Энхболд: Төвлөрлийг сааруулахад сэтгэлгээ хийгээд шийдвэр гаргадаг механизмаа өөрчлөхийг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Төрийн ордонд зохион байгуулагдсан “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтанд өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд оролцож, үг хэллээ.

Төсвийн тухай шинэ хууль өнгөрсөн оны сүүлчээр батлагдан гарсантай холбогдуулан төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрхийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад өгөх, төсвийг төлөвлөх, зарцуулах, хяналт тавихад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс уг сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтаар шууд ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх “Шууд ардчиллын багш” болох орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэхийг зорьж байгаа бөгөөд аймаг, орон нутгаас 1100 гаруй төлөөлөгчид өнөөдрийн уг арга хэмжээнд оролцож байна.

Олон улсын сайн туршлагаас суралцаж, өөрийн орны иргэдийг чадавхжуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь шууд ардчиллыг хөгжүүлэх хамгийн чухал алхам юм. Бид “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж үндсэн хуулиндаа зааж лоозогносоор өдий хүрсэн. Гэтэл бодит байдал дээр иргэдийнхээ эдлэх ёстой гол эрх болох төсвийн төлөвлөлт зарцуулалтад санал, бодлоо тусгах, зарцуулалтад хяналт тавих эрхийг нь үгүйсгэсэн төсөв, санхүүгийн хуультай бид олон жил байсан. Харин энэ байдал шинээр батлагдсан төсвийн тухай хуулиар өөрчлөгдөж төсвийн төвлөрлийг багасгах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төсвийн менежментэд иргэдийн оролцоог хангах зорилготой шинэтгэлийн олон чухал бодлого тусгагдсан. Та бүхэн үүнийг үг биш үйл хэрэг болгох анхны төлөөлөгч нар болж байна" гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцолж байлаа.

Мөн тэрээр, Би та бүгдтэй адил “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтын нэг оролцогч. Тиймээс өөрийн саналыг хэлэхийг хүсч байна. Хуулиар, УИХ-аар шийдвэрлэгдэхгүй олон асуудлыг орон нутаг, иргэдийнхээ хамтаар шийдэж байх нь шууд ардчиллын том хэлбэр. Би өмнөх сонгуулиудад Өвөрхангай аймгаас нэр дэвшиж хоёр удаа УИХ-ын гишүүн болж байлаа. Анх удаа би өөрөө шийдэж биш, аймаг, сумын иргэдийн хурлаар бус багийн хурлаар халамж анхаарал шаардлагатай иргэдэд тусламж үзүүлж, гэр олгосон. Энэ нь олон хүнийг гайхашруулсан ч шинэлэг хийгээд оновчтой зарчим болж чадсан юм. Тухайн гэрийг зүгээр захаас авчилгүй гэр хийдэг уламжлалтай сумдын иргэдээр модыг нь бэлдүүлж, эсгийг нь хийлгэж худалдан авч Сумыг хөгжүүлэх 50 сая төгрөгийн нэгээхэн хэсгийг олон түмний оролцоотой, үр ашигтай хэрхэн зөв зарцуулж болдгийг харж байсан туршлагатай. Аймаг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн байгууллага иргэдээсээ санал хүсэлт авахдаа зөвхөн цаасаар авах нь төдийлөн тохиромжтой биш юм. Техник, технологи хөгжсөн энэ цаг үед зардал багатай, амьдралд ойр, түвэггүй хэрэгждэг арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Тухайлбал, гар утсаар санал авах боломж байна. Өнөө үед гар утасгүй айл ховор учир орон нутгийн удирдлага цаг үеийн асуудлаар мессэжээр санал хураалт явуулах нь шууд ардчиллыг хэрэгжүүлэхэд дөхөм болно хэмээн бодож буйгаа УИХ-ын дарга З.Энхболд илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top