Номын баярын өдрийг “Олуулаа уншъя” уриан дор тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 14

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.


Энхүү зарлигийг дэмжин “Номын баярын өдөр”-ийг анх удаа  төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран “Олуулаа уншъя “ уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр энэхүү арга хэмжээний талаар Ерөнхийлөчгийн Тамгын газар болон хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх Ухааны Академи, “Олуулаа” клуб, “Номын соёл ертөнц” ТББ, Монголын лектор төв, Монголын хүний нөөцийн академи, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын хороо, МЗХ, Монгол Масс Медиа групп, “Мажистик” номын дэлгүүр, Мөнхийн үсэг групп, МҮОНТ зэрэг байгууллагууд энэ удаагйн номын баярын аяныг дэмжихээ илэрхийлэн олон салбар ажлуудыг чиглэл чиглэлээрээ зохион байгуулахаар болоод байна. 

ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Номын баяр тэмдэглэх  тухай зарлигийг дэмжиж хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Ном гэдэг соёлын үнэт өвийг ард түмэндээ, хүүхдүүддээ хүргэхэд хамтарч ажиллахдаа баяртай байна. Энэ арга хэмжээний үеэр яамны зүгээс нийт аймаг, зарим дүүргүүдэд нүүдлийн номын сан бэлэглэх үйл ажиллагаа явагдана. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдмал гэр хороололд амьдардаг номын санд тэр болгон биеэрээ очин ном уншиж чаддаггүй хүмүүст зориулсан нүүдлийн номын сан ажилллуулах зорилгоор авто машин түгээх үйл ажиллагаа явагдана.

Орон нутгийн номын сангуудад нүүдлийн номын сангаар дамжуулан ном хүргүүлэх үйл ажиллагаа мөн давхар хийгдэнэ. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын төсвөөс засгийн газрын санаачилгаар хийгдэн түгээгдэж байгаа 200,000 гаруй номыг орон нутагт хүргэх үйл явц юм. Мөн номын баярын үеэр зохиогдох энэ үйл ажиллагааны хамтаар иргэдэд ном хандивлах гэгээн үйлсэд уриалж байгаа. Та өөрийн төрөлх нутаг орондоо ном хандивлах үйл ажиллагааг зохион байгуулах болно. Нэгэнт нүүдлийн номын сангийн автомашинууд аймгууд руу гарах учраас энэ машинд дайлгаж өөрийн төрсөн нутаг, төрөлх сургууль, орон нутагтаа ном хаяглаад хүргүүлэх боломжтой” гэсэн юм.

Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин “Монгол Улсын Ерөнхийлөгчийн номын баяр тэмдэглэх тухай зарлигийг манай эрдэмтэд маш баяртайгаар хүлээн авч дэмжиж байгаа. Ном гэдэг зохиогч уншигчдыг уулзуулдаг, хүн төрөлхтөний мэдлэгийг дамжуулдаг, түгээдэг. Хүн болж хүмүүжих төлөвших үйл явцад эцэг эх багш сургуулиас дутахгүй үүрэг гүйцэтгэдэг учраас манай эрдэмтэд онцгойлон дэмжиж ажиллах болно. Ном хандивлах, солилцоход эрдэмтэд идэвхтэй оролцохын хамт “Монгол номын өв соёл” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 14-нд БШУЯ-тай хамтран Хүүхдийн ордонд зохион байгуулна” гэлээ. 

Дараа нь Үндэсний номын сангийн дарга С.Чилаажав хэлэхдээ “Манай номын санд Монгол түмний үеийн үе хэдэн зууны туршид бүтээсэн бичиг соёлын гайхамшигт өвүүд хадгалагдаж байдаг. Тэр өвүүдээс дээжилсэн үнэт ховор номын музей тэр болгон иргэдэд нээлттэй байж чаддаггүй.  Сан хөмрөгт маань ямар гайхамшигтай зүйлс байдгийг иргэд маань нээлттэйгээр хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзэх боломжтой” гэв. 

Монголын зохиолчдын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлэхдээ “Зохиолчдын хороо МҮОНТ-тэй хамтран Ардын уран зохиолчдын теле уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Бид номын баярыг утга агуулгын хувьд өргөн хэмжээнд өндөр ач холбогдол өгч тэмдэглэхээр бэлтгэж байгаа” гэв. 

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас болох www.president.mn сайтыг Кирилл бичиг, англи хэл дээр хөтлөж байсныг монгол бичгийн сонголттой болгон шинэтгэж байгааг онцолсон юм.

“Номын баярын өдөр”-ийг дэмжсэн “Олуулаа уншъя” аян маргаашаас эхлэнүргэлжилэх бөгөөд олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ нь 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатарын талбайд эхлэх юм.

Ингээд Та бүхэнд номын баярын өдрийн хүрээнд болох зарим үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” зарлигийг дэмжиж Төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “ОЛУУЛАА УНШЪЯ” аяны хөтөлбөр
 

Аяны хүрээнд:

1.     2012 оны 9 дүгээр сарын 13-ны Пүрэв гарагт 11.00 цагт цагийн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд 1990 оноос хойш хэвлэгдсэн Бурхны шашны холбогдолтой ном судрын танилцуулга үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно. Арга хэмжээг Тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц удирдан явуулна. (арга хэмжээ хоёр өдөр үргэлжилнэ)
 

2.     2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Баасан гаргийн 09.00 цагт “Ном дор мөргөмү” эрдэм шинжилгээний хурал Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдана. Арга хэмжээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Шинжлэх Ухааны академи хамтран зохион байгуулах бөгөөд олон нийт өргөнөөр оролцоно.
 

3.     2012 оны 9 дүгээр сарын 14,15-ны Баасан, Бямба гарагуудад Монголын Үндэсний Номын сангаас “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд дэлгэн үзүүлнэ.
 

4.     2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Баасан гарагт Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр 21.15 цагаас “Олуулаа уншья” номын хэлэлцүүлэг нэвтрүүлэг гарна.
 

5.     2012 оны 9 дүгээр сарын 15-ны Бямба гарагт 10.30-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Номын баяр зохион байгуулагдана.
 

Ø  Уг арга хэмжээний үеэр Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар Чуулгын урлагийн тоглолт, ном солилцох арга хэмжээ, номын бэлэгтэй сонирхолтой тэмцээн,

Ø  ”Нүүдлийн номын сангийн” автомашин олгох, “нүүдлийн номын сангийн үйлчилгээ” үзүүлэх, Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа гэх мэт, сонирхолтой ажлууд явагдах болно.

Ø  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар 12.00 цагт хүрэлцэн ирж үг хэлнэ.

Ø  “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулж, ”Нүүдлийн номын сан”-ийн автомашиныг холбогдох хүмүүст хүлээлгэн өгөх, ном солилцох үйл ажиллагаанд оролцоно.

6.     Нийслэлийн Боловсролын газраас “Номын сар”-ын аянг эхлүүлнэ. Энэхүү аянд нийслэлийн ЕБС, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг өргөнөөр оролцуулж, ном унших үйл явцыг дэмжсэн урамшуулал, номын солилцоо, хандивын арга хэмжээг  өргөнөөр зохион байгуулна.

7.     Мөн номын сангуудын нээлттэй өдөрлөг, залуучуудын дунд “Ном бол..” илтгэлийн уралдаан, “АХА” , түргэн хэллэгийн тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй  сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Жич: Олуулаа унших, ном солилцох арга хэмжээнд хүн бүр нэг ном авч ирж оролцохыг уриалж байна.

Зохион байгуулагчид:

1.     Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

2.     Боловсрол, Шинжлэх Ухааны яам

3.     Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам

4.     Шинжлэх Ухааны академи

5.     Олуулаа клуб

6.     “Номын соёл ертөнц” ТББ

7.     Монголын Лектор төв

8.     Монголын Хүний Нөөцийн академи

9.     Мажэстик номын дэлгүүр

10.  Мөнхийн үсэг групп

11.  Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэл

12.  Монголын Үндэсний номын сан

13.  Монголын Зохиолчдын Хороо

14.  Монголын Залуучуудын Холбоо

15.  Монгол масс медиа ХХК

16.  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз

17.  “Оюунт Монгол” ТББ

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top