Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 13

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хуралдаан өчигдөр орой хүртэл хуралдсан юм. Хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж даргалав. Эхлээд Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж, бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэх байсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдээс Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой санал гарсангүй. Хуралдаан даргалагч байнгын хорооноос уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулах саналыг гаргаж, гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Ингээд УИХ-ын дэд дарга С.Баярцогтоор ахлуулсан Ж.Батзандан, Н.Батцэрэг, Д.Эрдэнэбат, Р.Гончигдорж нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, бусад байнгын хороодоос ирүүлсэн саналыг нэгтгэн байнгын хорооны дараагийн болон УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон.

Дараа нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулиудын болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах нь зүйтэй хэмээн үзлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн гишүүдээс уг хуулийн төсөлтэй холбоотой гаргасан 89 саналын дагуу гишүүдийн дунд санал хураалт явуулж, хэлэлцүүлгийг хийсэн. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Су.Батболд нар, Хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт заасан Сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх \мажоритар\-ын хэлбэрээр явуулна гэсэн нь үндсэндээ буруу юм. Сум, дүүргийн сонгуулийг мажоритар системээр явуулах хэрэгтэй. Үнэндээ ялгаатай сонгууль учраас өөр өөр системээр явах ёстой гэж үзэж байгаа. Энэ заалтаар явуулбал суманд намыг хүчирхэгжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох утгаа алдах талтай гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн автоматжуулсан системийн эргэлзээ одоог хүртэл тайлагдаагүй байгаа. Тиймээс парламентад суудалгүй бусад намуудтай зөвшилцсний дараа хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Хүчингүй саналын хуудсыг яаж мэдэх, тойрогт нэр дэвшээд унасан нэр дэвшигч намын жагсаалтаар гарч ирэх магадлал өндөр байна. Яг ийм жишээ 1996 онд болж байсан. Өвдөг шороодсон хүнийг заавал гаргах гээд байгааг ойлгохгүй байна гэдгийг ч онцолсон юм.

Түүнчлэн хуулийн төсөлд тусгасан СЕХ-ноос аймаг, сум, дүүргийн хурлын сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохыг, сонгуулийн үйл ажиллагааны зардлыг Улсын төсвөөс гаргахаар заасан байсныг төсөв батлагдсантай холбогдуулан орон нутгийн төсвөөс гаргах хэмээн оруулсныг гишүүд санал нэгтэй дэмжсэнээр хуралдаан өндөрлөсөн.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top