“Олуулаа уншъя” арга хэмжээ маргаашнаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 12

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012-08-24-ны өдөр 158 тоот зарлиг гарган жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон өргөнөөр ёслон тэмдэглэх зарлиг гаргасан билээ. Уг зарлигт

а )Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, сумдад хүүхэд, залуучууд, ард иргэдийг өргөнөөр оролцуулсан ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,

б) Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах, сайн уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр”  тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах,

в) Аймаг, сум, тосгонд ном унших нийтийн танхим, номын сан байгуулж тохижуулах ажил хийхийн зэрэгцээ номын баярын өдөр бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Монгол Улсын нийт ард иргэд, эцэг эх, багш, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид уриалах талаар тусгасан юм.  

 

Анхны номын баярыг Ерөнийлөгчийн тамгын газар, БШУЯ, ССАЖЯ, Шинжлэх ухааны академи, Олуулаа клуб, “Номын ертөнц” ТББ, Монголын Лектор төв, Монголын Хүний Нөөцийн академи, Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэл, Монголын Үндэсний номын сан, Монголын Зохиолчдын Хороо, Монголын Залуучуудын Холбоо, Монгол масс медиа ХХК, Мажэстик номын дэлгүүр, Мөнхийн үсэг групп, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хамтран зохион байгуулж байгаа юм байна. Аяны хүрээнд дараах арга хэмжээнүүд болох юм байна. Үүнд:

  1. 2012 оны 9 дүгээр сарын 13-ны Пүрэв гарагт 11.00 цагт цагийн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд 1990 оноос хойш хэвлэгдсэн Бурхны шашны холбогдолтой ном судрын танилцуулга үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно. Арга хэмжээг Тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц удирдан явуулна. (арга хэмжээ хоёр өдөр үргэлжилнэ)
  2. 2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Баасан гаргийн 09.00 цагт “Ном дор мөргөмү” эрдэм шинжилгээний хурал Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдана. Арга хэмжээг Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Шинжлэх Ухааны академи хамтран зохион байгуулах бөгөөд олон нийт өргөнөөр оролцоно.
  3. 2012 оны 9 дүгээр сарын 14,15-ны Баасан, Бямба гарагуудад Монголын Үндэсний Номын сангаас “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд дэлгэн үзүүлнэ.
  4. 2012 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Баасан гарагт Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр 21.15 цагаас “Олуулаа уншья” номын хэлэлцүүлэг нэвтрүүлэг гарна.
  5. 2012 оны 9 дүгээр сарын 15-ны Бямба гарагт 10.30-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Номын баярын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдана.

 

  • Уг арга хэмжээний үеэр Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар Чуулгын урлагийн тоглолт, ном солилцох арга хэмжээ, номын бэлэгтэй сонирхолтой тэмцээн,
  • ”Нүүдлийн номын сангийн” автомашин олгох, “нүүдлийн номын сангийн үйлчилгээ” үзүүлэх, Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа гэх мэт, сонирхолтой ажлууд явагдах болно.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл нар болон хотын удирдлагууд 12.00 цагт хүрэлцэн ирж үг хэлнэ.
  • “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулж, ”Нүүдлийн номын сан”-ийн автомашиныг холбогдох хүмүүст хүлээлгэн өгөх, ном солилцох үйл ажиллагаанд оролцоно.

 

  1. Мөн номын сангуудын нээлттэй өдөрлөг, залуучуудын дунд “Ном бол..” илтгэлийн уралдаан, “АХА” , түргэн хэллэгийн тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй  сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм байна.

Бид номын баярын арга хэмжээнүүдээс шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top