Д.Амарбаясгалан: Э.Бат-Үүл дарга МАН-ыг байрнаас нь гаргахаар хавчиж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 07

Өнөөдөр Нийслэлийн МАН-ынхан намын байрандаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд намынхаа шинэчлэлийн асуудал хийгээд орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаараа мэдэгдсэн юм. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Амарбаясгалан: “Манай Нийслэлийн МАН-ын хороо 14 гишүүнтэй бүлэг байгуулсан. Сонгууль дууссанаас хойш хоёр сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга хийгээд НИТХ-ын үйл ажиллагаанд саад тотгор учруулахгүй. Бид ажил төрлөө аваад жигдрэх хүртэл хүлээцтэй хандаж өнөөдрийг хүрлээ.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга маань ажлаа хийж эхэлж байна. Гэхдээ ажлаа юунаас эхлэх ёстой вэ гэдгийг та бүхэн ч, иргэд ч юунаас илүүтэйгээр мэдэж байгаа. АН өөрөө сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөр дэвшүүлж гарч ирсэн. Ингээд энэ мөрийн хөтөлбөрөө боловсруулаад НИТХ-аар батлуулаад үйл ажиллагаандаа орох ёстой байтал энэ ажил  өнөөдрийг хүртэл хийгдэхгүй байна. Үүний үр дагавар муугаар нөлөөлж, тухайлбал мөрийн хөтөлбөрөө боловсруулсаны дараа эргээд үүндээ таарсан төсөв батлаад төсвийн тодотголоо хийж үйл ажиллагаагаа чиглүүлээд явах ёстой.

Сонгуулийн дараа НИТХ ээлжит чуулганаа нэг хийлээ, ээлжит бус чуулганаа хоёр удаа хийлээ. Хурлуудаар баталсан шийдвэрийн хамгийн хохиролтой зүйл нь нийслэлийн төсөвт байдаг. Өнгөрсөн ээлжит бус хуралдаанаар зам засвар, түгжрэлтэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг хөндлөө. Үүнийхээ хажуугаар төсөв санхүүтэй холбоотой Нийслэлийн төсөвт төсөвлөгдөөгүй байсан 3.8 орчим тэрбум төгрөгийн төсвийг ээлжит бус чуулганаар баталсан. Энэ бол өнгөрсөн онд төсөвлөсөн байсан төсөв төлөвлөгөө алдагдаад үйл ажиллагаанд доголдол үүсэх нөхцөл бүрдэж байна гэж бид үзэж байна. Ээлжит чуулганаараа Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө батлуулахыг бид шаардаж байгаа юм.

Нийслэлд маш олон ажил байхад тэр ажлуудаа хийхгүйгээр томилгоонд их анхаарч, төрийн албан хаагчдыг улстөрийн албан тушаалтнуудыг маш ихээр ажлаас нь хоморголон халлаа. Түүнийхээ хажуугаар өнөөдөр нийслэл хотын Нийслэлийн МАН-ыг өөрийнх нь байрнаас гаргах асуудлыг хөндөж байгаа нь бидэнд сонин санагдаж байна. Яахав АН-ынхны тухайд дотооддоо энэ Ардын намыг газрын хөрснөөс арчина, татан буулгана гэдэг асуудлыг их ярьдаг гэж би сонссон. Гэтэл өнөөдөр түүнийгээ үйл хэргээрээ баталгаажуулаад Э.Бат-Үүл дарга бол Нийслэлийн МАН-ыг байрнаасаа гар гэж шахалт үзүүлж байгаа нь бидэнд таалагдахгүй байна.” гэсэн юм.

Ийнхүү хотын дарга Э.Бат-Үүл төрийн өмчийг төрд нь эргүүлэн өгөх ажлаа Нийслэлийн МАН-ын байрнаас эхэлсэн бололтой.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top