Москвад болсон жагсаал үймээн самуунаар өндөрлөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 07

     Өчигдөр Москвад болсон  “Сая сая хүмүүсийн Марш” нэртэй  эсэргүүцлийн жагсаал нь эцэстээ эмх замбараагүй эвдлэн сүйтгэх ажиллагаа болон хувирч, цагдаа нартай мөргөлдснөөр өндөрлөсөн байна.

    Төлөвлөгөөний дагуу жагсаалд оролцогчид өдрийн 15 цагт Калужскийн талбай дээр цуглацгаан, Болотны талбай дээр зохиогдох цуглаанд оролцохоор хөдөлцгөөсөн аж. Энэ үед жагсагчид гудамж дагуу 50 метрийн урт цагаан тууз татан, найрал хөгжим дайны жилүүдийн дууг тоглон, тэнд байгсдын сэтгэл санаа өөдрөг, эхэн үедээ маш тайван аятайхан байсан байна. Жагсаалын цуваанд улаан туг барьсан “Зүүн фронтын” идэвхтнүүд, мөн өнгө бүрийн дарцагтай “Эв нэгдлийн” гишүүд, анархистууд, секс-цөөнхийн төлөөлөгчид Владимир Путины засаглалын эсрэг уриа лоозон, зурагт хуудас барин явцгааж байжээ.

     Дараа нь жагсагчдын лидерүүд болох Сергей Удальцов, Алексей Навальный, Илья Яшин нар эсэргүүцлийн суулт зарлан, цагдаагийн зүгээс өгсөн анхааруулгыг үл хайхран элдэв хутган үймүүлэх уриаг хашгирч эхэлсэн байна. Тухайн үед тэнд байсан цагдаа нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд жагсагчдын шидсэн чулуу, лонхонд өртөн, “Ударник” кинотеатрын орчим болсон үймээнийг зохицуулж байсан хэд хэдэн цагдаа бэртэж гэмтсэн байна.

    Энэхүү жагсаалын зарим  зохион байгуулагчид баривчлагдсан ба албаны хүмүүсийн үзэж буйгаар энэ нь эртнээс төлөвлөгдсөн үйл ажиллагаа байсан бололтой.

Д. Мягмарсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top