Кибер довтолгоог эсэргүүцэх хуулийг конгресс баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


Цахим сайт, компьютерийн сүлжээ нь довтолгоонд өртөж аюулд учирсан тохиолдолд тагнуулын болон бизнесийн байгууллагууд мэдээлэл солилцож болох тухай хуулийг АНУ-ын конгресс дөрөвдүгээр сарын 26-нд гишүүдийнхээ 248:168 гэсэн санал хураалтаар баталлаа.

Энэ хуулийн дагуу төрийн байгууллага сүлжээг нь хамгаалахын тулд хувийн байгууллагатай нууц мэдээлэл солилцож болох аж. Хариуд нь хувийн байгууллагууд мэдээллээ өгч хамтран ажиллах юм байна.

Цагаан ордон энэ хуулийг эсэргүүцэж, ерөнхийлөгч Б.Обама хориг тавихаар зэхэж байна. Учир нь эл хууль  “засгийн газарт итгэх хүмүүсийн итгэлийг бууруулж, хувийн болон бусад нууц, иргэний эрх чөлөө, хэрэглэгчийн хамгаалагдсан байдал зэргийг сүйтгэх болно” гэж үзэж байгаа юм байна.

Энэ үед Сенат эрчим хүч, цэвэр ба бохир ус, тээвэр, санхүүгийн сүлжээ гээд бүхий л дэд бүтцийг кибер довтолгооноос хамгаалах багц хуулийн төсөл бэлтгэж байгаа юм.

Харин конгресс бодит заналхийлэл байгаа учраас дээрх хуулийг ийнхүү яаравчлан гаргажээ. “Америкчуудын компьютерээс худалдааны нууц, өмчийн мэдээлэл зэргийг нь хятадууд хулгайлах замаар ажилгүй болгож байна”  гэж хуулийг дэмжигчид хэлжээ.

Хуулийг санаачлагч конгрессийн гишүүн, бүгд найрамдахч Майк Рожер уг хуулинд “сайн дураар” гэж заасан, төрийн байгуулллага “хянана” гэсэн үг  байхгүй тухай тайлбарлажээ.

Хуульд таван зорилгоор л кибер заналхийлэлтэй холбоотой мэдээлэл солилцоно гэж заажээ. Үүнд компьютерийн системийг хамгаалах, кибер гэмт хэргийг мөрдөх, иргэдийн бие бялдрыг гэмтэхээс хамгаалах, АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, түүнчлэн хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах болон хулгайлах зэрэг орж байна.

Иргэдийн эрх чөлөөний байгууллагууд “хувийн нууцыг сүйрүүлнэ” гэж үзээд энэ хуулийг дэмжээгүй байна.

“Нью Йорк Таймс” сонин

А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top