АНУ Окинава дахь цэргээ цөөрүүлэх боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


Он удаан жилийн хэлэлцээрийн үр дүнд Японы Окинава арал дээрх цэргийнхээ тоог АНУ есөн мянгаар цөөрүүлэхээр зөвшөөрлөө. Харин яг хэзээнээс цэргүүдээ явуулахыг товлоогүй байгаа бөгөөд таван мянгыг нь Америкийн эзэмшлийн Гуамын арал тийш, заримыг нь Хавай руу илгээх юм байна.

Тэднийг явсны дараа АНУ Окинавад 10 мянган цэрэг байлгах ажээ. Энэ баазаар нь Ази-Номхон далайн бүсийн бусад анги руу явах цэргүүд дамждаг учраас энэ тоо өсөж буурах хандлагатай байх юм байна.

Японы гол шаардлага нь Футенна хэмээх цэргийн нисэх буудлыг  хотоос холдуулж Окинава арлын хойд зүгт орших хүн ам сийрэг суудаг Швоб Кэмр гэдэг газарт нүүлгэх байсан юм. Японы гадаад хэргийн сайд Койчиро Гэнба “Энэ талаар удахгүй нарийвчлан тохиролцож, Окинавагийн ачааллыг багасгаж, газраа эргүүлэн авах болно” гэжээ.

Футенна буудлыг нүүлгэсэн ч Окинава арал дээр тухайн бүсэд хамгийн томд ордог АНУ-ын Каденна хэмээх агаарын цэргийн бааз нь үлдэх юм байна.

Окинавагаас америк цэргүүдийг гаргах тухай 1996 онд америк цэргүүд нутгийн охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан үеэс олон нийтийн шаардлагаар яригдаж эхэлсэн ажээ.

Пентагон ч энэ оноос гадаадад байдаг байнгын цэргийн ангиа цөөрүүлж, бүсийн хэдхэн дамжин өнгөрдөг төвийг үлдээхээр төлөвлөөд байгаа аж. Окинава дахь цэргээ цөөрүүлэх болсон нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш батлан хамгаалахын төсвийг танаж байгааг харуулсан жишээ болж байна.

“Нью Йорк Таймс” сониноос авав.

А. Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top