Америк Афганистанд олон жилээр туслах гэрээний төсөл бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26


АНУ төлөвлөсөн ёсоороо 2014 онд цэргээ гаргасныхаа дараа Афганистанд хэрхэн туслах тухай гэрээний төсөл олон сарын  хэлцлийн дүнд бэлэн болжээ. Төсөлд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, институцийг бий болгох, бүсийн хамтын ажиллагаа болон аюулгүй байдлыг дэмжих асуудлуудыг тусгажээ.

Америк, Афганистаны цаашдын харилцаа хэрхэхийг  барууны орнууд анхааралтай харж байв. Барууны дипломатууд одоо Афганистантай харилцах бодлогоо  тодорхой болгоно гэжээ. Харин Афганистаны хөрш Иран, Пакистан хоёр АНУ-тай харилцаж байгааг нь эсэргүүцсээр ирсэн юм.

Төслийг хэлэлцэж байх үеэр америк цэргүүд Коран судар шатаасан, нэг цэрэг энгийн 16 афган иргэнийг хөнөөсөн, бас нэг цэрэг афганы босогчийн цогцостой зургаа авахуулсан хэргүүд гарч саад тотгор үүссэн ч хоёр тал 2012 оны тавдугаар сарын 20-нд Чикагод болох НАТО-гийн хурлын өмнө төслийг дуусгахаар ийнхүү чармайжээ.

Гэрээний төсөлд Афганистанд суугаа АНУ-ын элчин сайд Райан Крокер, Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ранжин Спанта нар гарын үсэг зурсан байна. Хоёр орны парламент хэлэлцэж, ерөнхийлөгчид нь гарын үсэг зурсны дараа гэрээний эх хувь бэлэн болох юм.

Хамтын ажиллагааны энэ гэрээ 1990 онд оросууд Афганистаныг зүгээр л орхиод явсан түүхийг АНУ давтахгүй, талибанчуудад америкчууд өөрсдөө байсаар байгаа гэдгийг сануулах зорилготой гэж зарим албаны хүмүүс үзэж байна.

Харин талибанчууд төсөл гарснаас хойш хэдхэн минутын дараа “нэгд, Төв Ази ба Каспийн газрын тос руу очих замыг нээх, хоёрт лалын улс болгохоос сэргийлсэн, гуравт  Афганистанд төрт ёс ба либерализмыг авчрах гэсэн, дөрөвт барууны сонирхлыг хамгаалж лалынхныг үзэн ядсан армийг бий болгох, тавд Афганистаныг бүс нутагт нь бусад лалын орнуудтай   улс төр, цэргийн харилцаанд оруулахаас сэрэмжлүүлэх зорилготой төсөл” болсныг  мэдэгдсэн байна. 

Төсөлд Афганистаны аюулгүй байдалд зориулж ямар хэмжээний хөрөнгө гаргах тухай дурдагдаагүй бөгөөд явцын дунд 2.7 тэрбум  гэсэн тоо яригдсан нь дараа жил хэлэлцэхэд нэмэгдэж болзошгүй юм байна.

“Нью  Йорк Таймс” сониноос авав

А.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top