Долоон жилийн ял сонссон Юлия Тимошенкогийн амийг хорлохыг оролдож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

 Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенкод Украйны шүүхээс саяхан долоон жилийн ял оноосон юм. Шүүхийнхэн энэхүү шийдвэрээ гаргахаас өмнө Юлия хэрхэн яллагдахаа мэдэж байлаа. Тэр далдыг харагч, зөнч болчихсон юм уу гэвэл үгүй. Түүнийг тууштай дэмжигчид нь Киев хотын Печер дүүргийн шүүх дээр худал хуурмаг, гүтгэлгийн баримтууд цугларч, улмаар Москвагийн захиалгаар прокурорууд нь ийм ял төлөвлөснийг олон сарын өмнөөс олж мэдсэн байв. Тиймээс ч Юлия хэр баргийн эмэгтэй хүнээс гарамгүй зориг тэвчээр зааж,  “Би батлан даалтанд гарахгүй. Үнэн хэзээд ялна” гэж байсан юм. Украйны одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичтай тэр хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байжээ. Юлия нь В.Януковичийн  гол “дайсан” болсоор байсан тул Оросын талыг хатуу баримтлагчид хүчээ нэгтгэн түүнийг улс төрийн тавцангаас бүрмөсөн зайлуулахыг хүссэн байна. Москвагаас В.Путин ч энэ талаар зохих дэмжлэг үзүүлсэн гэдэг. Америк, Европын холбооны дэмжлэг  хүлээн улс төрд хүч сорьсон  Юлиягийн сүүлийн арав гаруй жилийн амьдрал ийнхүү хүнд хэцүү хавчлага дунд өрнөх болжээ. Ерөнхий сайд байх үедээ Европын холбоотой байгалийн хий, нефть нийлүүлэх гэрээг хууль бусаар хийж, их хэмжээний мөнгө завшсан гэх зохиомол хэргийг түүнд тулгаж ийм олон жилийн ял оноолоо хэмээн дэмжигчид нь үзэж байна. Тэр бүү хэл шүүхийн тогтоолд нь 1,5 тэрбум гривенийг төлөхөөр заасан юм. Юлия Тимошенко одоо Киевийн төв шоронд хоригдож байна.

Харин саяхнаас нэгэн хачирхалтай мэдээлэл түүний ойр орчмоос гарч дэлхий нийтэд цацагдлаа. Тэр нь юу вэ гэвэл, олон сараар шоронд хоригдсон түүний биен дээгүүр улаан хүрэн өнгөтэй толбо олноороо үзэгдэх болжээ. Хэдэн жилийн өмнө Орос болон Украйны шоронд улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн “хор” найруулгад өртөж хоригдсон хэд хэдэн хүний биен дээр иймэрхүү толбо гарч, аажимдаа бие нь улам муудсаар нас барсан тухай мэдээлэл бий. Юлия Тимошенког ийм хувь заяа нөмрөхийг үгүйсгэх аргагүй бололтой. Өөрөөр хэлбэл өширхөгчид нь буюу Украйнд ардчиллыг шинээр тогтоохыг эсэргүүцэгчид түүнийг хорлохыг оролдсон байх магадлал өндөртэй гэнэ.

Мөн Европын холбоо Юлия Тимошенкод оноосон ялын тогтоолыг эсэргүүцэж байна. Тус холбооноос Оросын байгалийн хий, нефтийн акулуудын тоонд зүй ёсоор багтдаг Юнигаз зэрэг томоохон корпорацийн удирдагчдыг Европ руу хөл тавиулахгүй байх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Юлия Тимошенког ийнхүү ялласнаараа харин Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийн нэр хүнд өнөөдөр шороотой хутгалдан, навсайтлаа уначихаад байна.

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top