Р.Амаржаргал АОХН-ийн дэд Ерөнхийлөгч болов

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 16


 

Дэлхийн хэмжээнд Монгол улсын нэр хүнд өссөөр байна. Өнгөрөгч 7 дугаар сард манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаатай тэргүүлэх болсон билээ. Тэгвэл өчигдөр Вашингтон хотноо болсон тус нийгэмлэгийн Парламентийн форумд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Мөнх-Оргил нар очиж оролцов. Уг форумын үеэр Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар Монгол Улсын ардчилсан хувьсгал, ардчиллын 20 гаруй жилийн хөгжил, тулгарч буй бэрхшээл, ололт, амжилт, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийжээ. Мөн АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улсын зүгээс баримтлах үндсэн чиглэл, хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар ярьсан байна.
Форумд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бэйнер, Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Д.Драйер, Конгрессын гишүүн Д.Прайс болон Олон улсын бүгд найрамдахчуудын институт, Ардчиллын төлөөх сангийн тэргүүн зэрэг албаны хүмүүс оролцон үг хэлжээ. Түүнчлэн ОХУ, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, Кыргизстаны Парламентын дэд дарга, Гүрж, Канад, Молдов, Мороккогийн Парламентын болон Засгийн газрын гишүүд зэрэг 30 гаруй орны төлөөлөгчид оролцож байр сууриа илэрхийлжээ. Үндсэн хуралдааны дараа Форумын Удирдах зөвлөлийн хурал болж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг тус нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top