Туулын хурдны замын төсөлд дараах ЗӨРЧЛҮҮД илэрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа “Зам, тээврийн яамны бодлого ба Нийслэлийн зам тээврийн мега төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо (Туулын хурдны зам, Метро, Дүүжин тээвэр, Тойрог 1, 2-р зам, Трам, Тусгай замын автобус зэрэг) сэдвээр мэдээлэл хийлээ.

Тус яам холбогдох салбарын болон яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэн зөвлөмж гарган ажиллаж байгааг дурдав. Тухайлбал, Туулын хурдны замын төсөлд Авто замын салбарын шинжлэх ухаан технологийн дэд зөвлөлөөс зөвлөмж гаргаж, хүргүүлсэн гээд дээрх зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад нарийвчилсан зураг төсөлд тусгаж байна гэсэн хариуг ирүүлсэн гэв.

Дараа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Туулын хурдны замын төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээ”-ний талаар танилцуулсан. Тэрбээр Туулын хурдны замын төслийн хүрээнд илэрсэн зөрчлүүдийн талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулав.

 Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

 

 

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухайд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг "Мон газар экологи" ХХК 2025 онд хийж гүйцэтгэсэн гэдгийг Ц.Сандаг-Очир сайд дурдаад салбарын яамны Мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, нэмэлт, өөрчлөлт засвар хийж баталсан гэж байлаа. Энэ хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг албажуулсан байна.

Харин байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г салбарын яамнаас батлаагүй байхад "Хао юань женерал констракшн ГХО" компани төслийн үйл ажиллага эхлүүлсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаа тушаалаар баталсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 3.1-д дэх заалтыг зөрчсөн тул сайдын 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар "Туулын хурдны зам төсөл"- ийн үйл ажиллагааг түр зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, батлуулахыг төсөл хэрэгжүүлэгчид үүрэг болгож шийдвэрлэсэн гэж байлаа.

Мөн “Хаоюань Женерал Констракшн” ХХК нь Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, усыг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн БО 01/26-18 дугаартай гомдол, мэдээлэл, 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БО 01/26-27, БО 01/26-28 дугаартай гомдол, мэдээллийг тус тус бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын 2602000269 дугаартай зөрчлийн хэрэг нээн хуульд заасны дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

 

 

Түүнчлэн тус компани мод тайрах, зөөвөрлөн тээвэрлэх туслан гүйцэтгэх гэрээг "Дорно улзын мандал" ХХК-тай байгуулсан боловч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан зөвлөмжийн дагуу өсвөр залуу модыг шилжүүлэн суулгахгүйгээр тайрч огтолсон нь нийт 7,2 га талбайн дунд насны улиас, бургасан ойг сүйтгэсэн байна. Туслан гүйцэтгэгч "Дорно улзын мандал" ХХК-ийн гаргасан зөрчилд Нийслэлийн прокурорын газар 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн БО 01-26/27 дугаар зөрчлийн гомдол мэдээлэл бүртгэсний дагуу тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2602000295 дугаар зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь заалтад зааснаар 500 нэгж торгууль, хохирол нөхөн төлбөрт 352,233,185 төгрөгийн шийтгэлийг оногдуулсан гэдгийг онцолж байлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Туул хурдны замын төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.

 

 

Тэрбээр Худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтыг гэрээ байгуулах эрх олгосон түншлэл тендер шалгаруулалтын шаардлага шалгуурт нийцсэн эсэх, түншлэлийг төлөөлж гэрээний хэрэгжилтийг хангах нэг гишүүнийг томилсон эсэх, тендерт эрх олгосон түншлэлийн тусгай зөвшөөрөл хуулийн шаардлагад нийцсэн эсэх, тендер шалгалтын шаардлага болох татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн лавлагаа, тендерт оролцогч хуулийн этгээдийн санхүүгийн баталгаа чадамж, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, ур чадвар гэсэн зургаан чиглэлээр хийсэн гэв.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Туулын хурдны замын ажил гүйцэтгэхийн тендер шалгаруулалтад дөрвөн компани оролцсоноос захиалагчаас “China Hyway Group Limited” болон “Tianjin Oubaiwei” компанийн түншлэлд 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/2052 тоот шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгожээ. “China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” ХХК-ийн түншлэл нь тендерийн цахим систем (tender.gov.mn)-ээр компанийн худалдааны менежер Д.Золбоо 2025 оны 06 дугаар сарын 27-ны 01:19:33 цагт цахим тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн байна. Д.Золбоо нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолсон, захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй байгаа нь холбогдох хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэх дүгнэлтийг хийсэн гэв.

 

 

Мөн “China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” компани 2025 оны 06 дугаар сарын 09-ний HYWAY-2025-005 дугаартай “Консерциумын гэрээ”-ний дагуу түншлэлээр оролцсон боловч уг гэрээнд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч, хуулийн этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилоогүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.2- дахь заалтыг зөрчсөн байна гэлээ.

Тендерт эрх олгосон түншлэлийн тусгай зөвшөөрөл хуулийн шаардлагад нийцсэн эсэхийн талаар доорх мэдээллээс харна уу.

 

 

Татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн лавлагааны тухайд “China Hyway Group” хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гаргаж ирүүлсэн байна. Citibank N.A HongKong банкны и-мэйл ирүүлсэн боловч “зээлийн мэдээллийн сан”-гийн тодорхойлолттой адилтгах баримт бичиг ирүүлээгүй байгааг Б.Энхбаяр сайд хэллээ.

Дараа нь сонсголын шинжээч С.Бат-Эрдэнэ, Э.Батболд, Д.Энхбаяр нар “Туулын хурдны замын төслийн төсвийн зарцуулалт, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.

 

 

Шинжээчид энэ үеэр зураг төсөл, төсөвт өртгийг мэргэжлийн байгууллагаас батлуулаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2025 оны 77 дугаар захирамжаар Туулын хурдны замын хөрөнгө оруулалтыг 1.9 их наяд төгрөгөөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын эрх шилжүүлсэн байна. Техникийн шийдлийг анхнаасаа тогтоогоогүй төсөвт тусгасан нь төсвийн төлөвлөлтийг алдаатай төлөвлөсөн гэж үзэж байна гэсэн юм.

Туулын хурдны зам төсөлд оруулсан өөрчлөлтийн талаар доорх зурагнаас харна уу.

 

 

Шинжээчдийн дүгнэлтэд төлөвлөлтийн үе шатанд “Туулын хурдны зам”-ын авто зам, гүүрэн байгууламжийн инженерийн үндсэн шийдэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон төсөвт өртгийн магадлалын дүгнэлт эцэслэн баталгаажаагүйгээс төслийн хэрэгжилтийн явцад техникийн шийдэл давтан өөрчлөгдөж, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн байна гэжээ.

Мөн гүйцэтгэгч компаниас ирүүлсэн урьдчилгаа төлбөрийн баталгаа нь холбогдох хууль, журамд заасан баталгааны хэлбэрээр ирүүлсэн боловч баталгаа гаргагч этгээдийн эрх зүйн байдал, санхүүгийн чадавх, баталгааны хүчин төгөлдөр байдал болон баталгааны үүргийг хэрэгжүүлэх боломжийг нотлох баримт хангалтгүй байна. Төслийн шинэчилсэн зураг төслийн дагуу замын трассын нөлөөлөлд өртсөн нийт нэгж талбарын 48.2 хувьтай газар чөлөөлөх асуудлаар зөвшилцөлд хүрээгүй байгаа нь бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөх, шүүхийн маргаан үүсэх, хугацаа сунжрах, төсөвт өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна гэж дүгнэжээ.

Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хуульд заасан хугацаанд боловсруулж, мэргэжлийн эрх бүхий байгууллагаар батлуулаагүй нь төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргах, санхүүжилтийг төлөвлөх болон худалдан авах ажиллагааг эхлүүлэхээс өмнө байгаль орчны үнэлгээг баталгаажуулах шаардлага хангагдаагүй байна хэмээн дурдсан байлаа.

 

 

Сонсголд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэлийн бүтээн байгуулалтын бодлогын уялдаа холбоо, төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах санал, дүгнэлт”-ийн талаар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжлүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулсныг дурдаад уг төлөвлөгөөнд нийслэлийн 16 төсөл арга хэмжээг тусгасан тул нэгдсэн байдлаар улсын хэмжээнд хэрэгжих учиртай гэлээ. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйл буюу аймаг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн 8.1.6 дахь заалтад нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатын төсөл, хөтөлбөр төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах гэж заасныг дурдаад цаашид үүнд анхаарах шаардлагатай гэж байв.  Улмаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж нэгдсэн бодлогоор Хот байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа үргэлжлүүлэн “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл батлагдсан үйл явцын талаарх” танилцуулгыг хийлээ.

Ерөнхий мэдээллийг доорх зурагнаас харна уу.

 

 

Уг илтгэлийн дүгнэлтэд, Нийслэлээс иргэдэд бэлэн мөнгө төлж газар чөлөөлсөн нь өнөөдөр чөлөөлтөд хамрагдагсад хаана амьдарч байгаа, газраа зарсан мөнгөө юунд зарцуулсан мэдээлэл тодорхойгүй байна. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд гэр хорооллын газрыг орон сууцаар солих, газрыг худалдах, худалдан авах хэлбэрээр дахин төлөвлөж барилгажуулна гэж заасныг дурдсан байв. Төрөөс орон сууц захиалан барьж зах зээлд борлуулах нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх асуудал болох тул төрөөс газар, дэд бүтцийг бэлтгэж өгөөд хувийн хэвшлийг өөрсдийн хөрөнгөөр оролцуулах нь илүү оновчтой хэмээн дүгнэсэн байлаа.

Эцэст нь сонсголын шинжээч З.Туяа, Э.Батболд, Д.Энхбаяр нараас “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, Сэлбэ хорин минутын хот төслийн төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.

 

 

Шинжээчдийн дүгнэлтэд 2023 оны 12 сард Улсын Их Хурлаар баталсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай  хууль нь гэр хорооллыг зөвхөн дахин төлөвлөх хувилбараар орон сууцжуулж, хөгжүүлэх бодлого барьсан бөгөөд 4.1.4.м “гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч” гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг гэж зааж Засгийн газраас баталгаа гаргуулж төсөл хэрэгжүүлж байгаа нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгж болон иргэдийн нөхөрлөлийг тэнцвэргүй нөхцөлд өрсөлдөх байдалд хүргэж байна гэсэн байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top