Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр арвижлаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, 08 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700.0 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр нэг жилийн хугацаатай байршуулсан. Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу нэг жилийн хугацаанд 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг хүлээн авч, холбогдох санд төвлөрүүлсэн.

Дээрх арилжааны банкуудтай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болж, үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хорооны зөвлөмжийг үндэслэн хадгаламжийн гэрээний хугацааг сунгах асуудлаар дээрх банкуудтай хэлцэл хийсэн.

Дээрх хэлцлийн үр дүнд хадгаламжийн жилийн хүүгийн хэмжээг Хаан банктай 15 хувиар, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банктай 15.11 хувиар харилцан тохиролцож, гэрээнд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулж 2027 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын сангийн чөлөөлт үлдэгдэл болох 541.6 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар системийн нөлөө бүхий арилжааны гурван банкинд байршуулсан.

Арилжааны банкуудтай хийсэн гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 6.7 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө дахин арвижлаа.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэрээний дагуу 81.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг хүлээн авч, сангийн хөрөнгийг арвижуулах боломжийг бүрдүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top