Тоглолт, шоунд хөгжмийн бүтээл ашигласны төлбөр олгох стандарт нэвтрүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монгол Улсын Оюуны өмчийг хамгаалах өдрүүдийг тэмдэглэж буй энэ үед Монголын хөгжмийн бизнесийн экосистемийг олон улсын жишигт хүргэх, зохиогчийн оюуны хөдөлмөрийг шударгаар үнэлэх чиглэлээр концерт, шоу арга хэмжээ зохион байгуулагчидтай хамтран ажиллахыг Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (moscap) урьж байна.

Хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулсны лицензийн төлбөрийг зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллага болох MOSCAP цуглуулж, зохиогчдод хуваарилан олгох үүрэгтэй ажиллаж байна. Энэ нь хамтлаг дуучин, хөгжимчдийн авдаг гүйцэтгэлийн хөлсөөс тусдаа бөгөөд тухайн хөгжим, дууны ая, үгийг бичсэн зохиогчдын хүртэх ёстой роялти төлбөр юм.

MOSCAP цаашид тоглолт, шоу арга хэмжээ, хөгжмийн наадмын зохион байгуулагчдаас зохиогчийн эрхийн төлбөрийг дараах хувь хэмжээгээр цуглуулах аж.

Зохиогчийн эрхийн төлбөр тооцох арга
 

  • Тасалбартай тоглолт: Тасалбарын нийт орлогын 3 хувь.
  • Тасалбаргүй арга хэмжээ: Тухайн бүтээлийг гүйцэтгэн тоглосон уран бүтээлчдэд олгосон төлбөрийн 5-8 хувь.


Төлбөр тооцох, нэхэмжлэх явц:

1. Нийт орлого тодорхойлох: тасалбар борлуулалтын мэдээ тодорхой үед бодит орлогын 3%, борлуулалт тодорхойгүй тохиолдолд танхимын суудлын багтаамжийн 70 хувийг тасалбарын нэгж үнээр үржүүлж тооцно.

2. Бүтээлийн нэгж үнэ тогтоох: Нийт тасалбар борлуулалтын орлогын 3% ийн үнийн дүнг тухайн тоглолтод эгшиглэсэн нийт бүтээлийн тоонд хувааж, нэг бүтээлийн зохиогчийн эрхийн төлбөрийн хэмжээг гаргана.

3. Нэхэмжлэх ба Хуваарилах: Бүтээлийн нэгж үнийг тоглолтонд ашигласан MOSCAP-ийн удирдаж буй бүтээлийн тоогоор үржүүлж, зохион байгуулагчаас нэхэмжилнэ. Цугларсан төлбөрийг эрх эзэмшигч зохиогчдод нь нийгэмлэгийн хуваарилалтын журмын дагуу олгоно.

Азийн орнуудын хөгжмийн эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын тасалбар борлуулалттай тоглолт, хөгжмийн наадмын зохиогчийн эрхийн төлбөр тооцох аргачлал, мөрдөж буй тарифыг жишээ болгон танилцуулж байна.

MOSCAP (Монголын ХУБ)​

Нийт тасалбарын орлогоос​ x 3% зохиогчийн эрхийн төлбөрт зохиогчдод хуваарилна. Энэхүү 3 хувийн зохиогчийн эрхийн төлбөрийг тухайн тоглолтонд тоглуулсан бүтээлийн тоонд хувааж, 1 бүтээлийн үнийг гаргаж, MOSCAP-ийн удирдаж буй бүтээлийн тоогоор тоглолт зохион байгуулагчдаас нэхэмжлэн авч , бүтээлийн эрх эзэмшигч зохиогчдод нь хуваарилна.

CASH ​(Hong Kong)​

Тасалбарын орлогын 2.20%​ + Үнэгүй тараасан нийт тасалбарын нэрлэсэн үнийн 1.10%​

FILSCAP​ (Филиппины ХУБ)​

Нийт тасалбарын орлогын 2%​ + нийт борлуулсан тасалбарын 10%-иас илүү үнэгүй тасалбар тараасан тохиолдолд тэдгээрийн
нийт үнийн дүнгийн 1%-ийг борлуулалтад нэмж тооцно​

JASRAC​ (Японы ХУБ)​

Тасалбарын нийт орлогын 5% × (суудлын тоо × дундаж тасалбарын үнэ × 80%)​

MACA (Макао ХУБ)​ Тасалбарын нийт орлогын 2.20% + Үнэгүй тараасан тасалбарын нэрлэсэн үнийн 1.10%​
MACP (Малайзын ХУБ)​ Тасалбарын нийт орлогын 2.20% + Үнэгүй тараасан тасалбарын нэрлэсэн үнийн 1.10%​
MCSC (БНХАУ-ын ХУБ)​ Нийт тасалбарын орлогын 4%​

MÜST ​ (Тайваний ХУБ)​

Татварын мэдүүлэгт үндэслэн нийт орлогын 2.2%-ийг зохиогчийн төлбөрт авна.​

VCPMC​ (Вьетнамын ХУБ)​ Театр конвеншн төвд бол: тасалбарын орлогын 5% x (суудлын тооны 70% x тасалбарын дундаж үнэ)​

Дотор заалны тайз, гадна талбайд бол: 5% x ( Багтаамжийн 60% x билетийн дундаж үнэ)​

Фестиваль наадам: тасалбарын нийт орлогын 3% x (нийт тасалбарын тооны 70% x дундаж тасалбарын үнэ)​

WAMI (Индонезийн ХУБ)​ Тасалбарын орлогын 2% x  энгийн тасалбарын тоо + ( тусгай тасалбарын 1% x тусгай тасалбарын тоо​)

Тоглолт, шоу эвент, наадам зохион байгуулагчид тоглолтонд ашигласан бүтээлийн жагсаалт (set list) хөтөлбөрөө арга хэмжээ эхлэхээс 14 хоногийн өмнө info@moscap.mn хаягаар MOSCAP-т ирүүлж, зохиогчийн эрхийн төлбөрийг хууль ёсны дагуу төлж хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн дуу хөгжим бүтээгчдийг MOSCAP-тай гэрээ байгуулан гишүүнээр элсэж, өөрийн бүтээлийг нийтэд тоглуулах, дамжуулах, хуулбарлах зэрэг эд хөрөнгийн онцгой эрхээ хамгаалуулан, роялти төлбөрөө зохих ёсоор хүртэхийг урьж байна.

Гэрээ байгуулах утас: 72023999

Уран бүтээлийн жагсаалт ирүүлэх хаяг: info@moscap.mn, www.moscap.mn

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (Moscap)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top