ЭМДЕГ жилд 2600 орчим өргөдөл, гомдол, саналыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь даатгуулагч иргэд болон гэрээт байгууллагуудаас ирүүлсэн санал, гомдол, өргөдлийг олон сувгаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажилладаг. Тухайлбал, Засгийн газрын 11-11 төв, Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утас, 1818.mn нэгдсэн портал, биечлэн ирсэн иргэд, байгууллагын цахим шуудан зэрэг таван сувгаар өргөдөл, гомдлыг хүлээн авч, долоо хоногийн дотор шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Он гарсаар өнөөдрийг хүртэл нийт 170 иргэн, даатгуулагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авснаас 145-ыг нь шийдвэрлэж, 25 нь шийдвэрлэлтийн шатанд байна. Хуульд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацаатай байдаг бөгөөд ЭМДЕГ нь дотоод зохион байгуулалтын хүрээнд уг хугацааг богиносгон, 7 хоногийн дотор шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр өргөдөл, гомдлыг хүлээн авах, шилжүүлэх, шийдвэрлэх үйл ажиллагааны процессыг боловсронгуй болгох, байгууллагын дотоод уялдаа холбоог сайжруулах, шийдвэрлэлтийн хугацааг түргэсгэх, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх зорилгоор холбогдох газар, хэлтсүүдийн хамтарсан хуралдаан зохион байгууллалаа.

Тус хуралд ЭМДЕГ-ын Тамгын газар, Бодлого, төлөвлөлтийн газар, Худалдан авалт, гэрээлэлтийн газар, Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, Олон нийттэй харилцах хэлтсийн удирдлага, албан хаагчид оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top