36 долоо хоногтой урагаа үр хөндүүлсэн эмэгтэйг ХҮН АМИНЫ хэрэгт буруутгав

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын шүүх 36 долоо хоногтой урагийг үр хөндөлтийн аргаар хөнөөсөн хэмээх хэрэгт эмнэлгийн ажилтнууд болон үр хөндүүлсэн эмэгтэйг буруутгалаа. 

Өнгөрөгч лхагва гарагт болж өнгөрсөн шүүх хурлын үеэр үр хөндүүлсэн эмэгтэйд 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Үр хөндсөн хоёр эмчийг мөн хүн амины хэрэгт буруутган яллаж, эмнэлгийн захиралд 6 жилийн хорих ял, 1.5 сая воны торгууль, 1.15 тэрбумын хөрөнгө хураах шийтгэл ногдуулсан бол мэс заслын эмчид 4 жилийн хорих ял тус тус оноожээ. 

Ургийг кесар хагалгааны аргаар гарган авч, дараа нь хөлдөөгчинд хийн амьгүй болгосон учраас уг хэргийг хүн амины хэрэг хэмээн тооцож байгаа аж. Тус улсад 24 долоо хоногоос хойш үр хөндөлт хийхийг хориглодог. Гэвч 2019 онд Үндсэн хуулийн цэц хуучин хуулийг хүчингүй болгосон тул шинэ хууль батлагдаагүй, эрх зүйн “хоосон зай” үүссэн нь шүүмжлэл дагуулаад байна.

Мөн хүүхэд өсгөх таатай орчин бага, ялгаварлан гадуурхалт их байдгаас үүдэн эмэгтэйчүүдэд бэрхшээл тулгардаг гэдгийг харгалзан үзэн ялыг нь хөнгөрүүлсэн бөгөөд шүүгдэгч хүүхдээ үрчлүүлэх зэрэг өөр аргуудыг дээрх үйлдлийг хийхээсээ өмнө урьдчилан судлах шаардлагатай байсан хэмээн буруутгажээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top