
Сөүлийн зочид буудалд хоёр эрэгтэйд мансууруулах бодистой ундаа өгч аминд нь хүрсэн хэргээр саяхан баривчлагдсан 20 орчим насны эмэгтэйг сэтгэцийн эмгэгтэй гэж оношлосон тухай цагдаа нар мэдэгдэв.
Сөүлийн Ганбук цагдаагийн газраас мэдээлснээр уг эмэгтэй хүйтэн сэтгэл, түргэн зан, бусдыг өрөвдөх сэтгэл, хариуцлагагүй байдал болон бусад зан чанарын шинж чанаруудыг үнэлдэг 20 зүйл бүхий клиник үнэлгээний шатлал болох Hare Psychopathy Checklist-Revised хэмээх тестээр нийгмийн эсрэг зан чанарын эмгэгтэй хэмээн тодорхойлогджээ. Уг тестийн 40 онооноос 25 ба түүнээс дээш оноо авсан бол сэтгэцийн эмгэгтэй гэж тооцогддог бөгөөд Ким уг шалгалтанд стандартаас дээгүүр оноо буюу 25-аас дээш оноо авсан байна.
Уг эмэгтэйг өнгөрөгч нэгдүгээр сарын 12-нд саатуулан баривчилсан бөгөөд хэргийг хоёрдугаар сарын 19-нд прокурорт шилжүүлсэн.
Тухайн эмэгтэй эхлээд найз залуугаа нойрсуулах эм хольсон ундаагаар мансууруулсан бол дараагийн удаад онлайнаар танилцсан хоёр эрэгтэйг зочид буудалд дуудан нойрсуулах эмтэй ундаагаа өгч аминд нь хүрчээ. Ингэхдээ тэрээр нойрсуулах эмнийхээ тунг нэмсээр байсан нь гэмт хэргийн сэтгэл судлаачдын анхаарлыг татаад байна.
Гэмт этгээд найз залуу дээрээ эхний ээлжинд туршилт хийж, эм хэрхэн үйлчилж байгааг шалгасан бол дараагийн удаад тунгаа нэмж, хүний аминд хүрсэн нь урьдаас төлөвлөсөн үйлдэл байсан хэмээн мэргэжилтнүүд тодорхойлжээ. Уг эмэгтэй цагдаад шалгагдаж эхэлснийхээ дараа гурав дахь хохирогчийн аминд хүрсэн нь мөн анхаарал татаад байгаа бөгөөд гэрээс нь их хэмжээний нойрсуулах эм олдсон нь дахин аллага үйлдэх төлөвлөгөөтэй байсныг нь илтгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )