НҮБ | Монголын мөсөн голууд хурдацтай хайлж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

НҮБ-ын Ази номхон далайн нийгэм, эдийн засгийн зөвлөлийн тайланд дурдсанаар Монгол Улсын мөсөн голууд түүхэнд байгаагүй хурдацтай хайлж байгааг онцолжээ. Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш Монгол Улсын агаарын дундаж хэм цельсийн 2.3 хэмээр дулаарсан байна. Энэ нь дэлхийн дунджаас өндөр байгаа юм. Ирээдүйд Монгол Улсын баруун болон хойд хэсэгт энэ зууны төгсгөл гэхэд 8 хэмээр дулаарах магадлалтай байна.

Мөсөн голууд нь Монгол Улсын цэнгэг усны 70%-г бүрдүүлдэг. Гэвч 1940 оноос хойш 28%, 1990-2016 оны хооронд 35% нь хайлж, одоогийн байдлаар 334 хавтгай дөрвөлжин км буюу 627 мөсөн гол үлджээ. Түүнчлэн 63 нуур, 683 гол 1980-аад оноос хойш ширгээд байна. Гүний цэнгэг усны түвшин жилд дунджаар 3 мм багасаж байгаа нь анхаарал татна.

НҮБ-ын тайланд дурдсанаар Монгол Улс ойрын хугацаанд усны хэмнэлттэй хөдөө аж ахуйн технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх, цэнгэг ус, гол мөрний нэгдсэн дата баазтай болох ёстой аж. Ялангуяа мөсөн гол ширгэж байгаа нь зөвхөн байгаль орчны асуудал бус эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болохыг тодотгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top