“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу XVII жарны гал морин жилийн Хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр “Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа.

“Чингис хаан” үндэсний музейд болсон ёслолыг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн нээж үг хэллээ.

 

 

Тэрбээр монгол соёл иргэншлийг үүсгэн цогцлоож, даян дэлхийд Монголын амар амгаланг тогтоосон, эртний язгуур түүхтэй, давтагдашгүй баялаг соёлтой ард түмний бүтээсэн агуу туурвилуудын нэг нь баатарлаг тууль гэдгийг онцоллоо.

Мөн баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалахын чухлыг хэлж, үүнд идэвх санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Алтан магтаал”-ыг бүрэн эхээр нь хайлсны дараа төрийн залгамж хэлхээ тасаршгүй, түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн агуулга бүхий “Эзэн улаан бодон” тууль хайллаа.

Монгол тууль хайлах зан зүйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн тухай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тууль судлаач, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, тууль судлаач, доктор Б.Нанжид нар тайлбарлалаа.

 

 

Баатарлаг тууль хайлах ёслолыг “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

Монгол туулийг ЮНЕСКО 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэн, түүний үнэ цэнийг дархалж, хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвшөөрч, дэлхий дахинд баталгаажуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top