Монгол түмний уламжлал баяр цэнгэл Сар шинийн өдрийн сайхан чимэг, цаглашгүй цэнгээн нь яах аргагүй хүчит бөхчүүдийн барилдаан байдаг. Социализмын жилүүдэд мартагдаад байсан энэ их цэнгэлийг үндэсний бөхөөрөө тээн барилдсаар 63 жилийн нүүрийг үзжээ. Зарим баримтуудад сар шинийн баярын өдөр хүчит бөх барилддаг байсан тухай дурддаг өнөө бидэнд баримтаар ирсэн нь үгүй. Тэгвэл манай цахим хуудас уншигч та бүхэнд морь жилийн сар шинийн барилдаануудад түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдийг танилцуулъя.
1966 оны гал морь жил

Сар шинийн барилдаан эхлээд гурав дахь жилийнх нь барилдаан гал морь жилийн барилдаан таарсан юм. Тухайн үед алдар цолтой 64 бөх хүч, бяраа үзэн барилдсанаас тухайн үед улсын заан цолтой байсан Х.Баянмөнх түрүүлж, улсын аварга цолтой байсан Ж.Мөнхбат үзүүрлэжээ. Х.Баянмөнх тухайн жилийнхээ баяр наадамд шөвгөрч арслан цол авсан юм.
1978 оны шороон морь жил

Сар шинийн барилдаан зохион байгуулагдаад 15 жил болоод байв. Хичээллэх бөхчүүдийн тоо нэмэгдсэн учраас 1971 оноос хойш 128 бөх зодоглох болов. Шороон морь жилийн барилдаанд тухайн үедээ улсын заан цолтой байсан Д.Цэрэнтогтох түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэжээ. Д.Цэрэнтогтох тухайн жилдээ улсын баяр наадамд түрүүлж арслан цолтон болсон юм.
1990 оны төмөр морь жил

Өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзсэн ч улсын уламжлал тасалддаггүйн жишгээр төмөр морь жилийн барилдаан ёслол төгөлдөр болов. Сонирхуулахад 128 бөх зодоглосон сүүлийн барилдаан. Тухайн үедээ улсын аварга цолтой байсан Б.Бат-Эрдэнэ түрүүлж, сар шинийн барилдаанд гурав дараалж түрүүлэв. Дархан аварга Д.Цэрэнтогтох энэ барилдаанд үзүүрлэсэн билээ. Б.Бат-Эрдэнэ 1998 он хүртэл завсаргүй түрүүлэх болно.
2002 оны усан морь жил

Монгол бөхийн нэгэн домог Б.Бат-Эрдэнийн харьж явсан үе. Доороос зургаан залуу хүчтэн ид хаваа гайхуулан гарч ирсэн цаг. Тухайн барилдаанд заан цолтой байсан Д.Сумъяабазар түрүүлж, мөн заан цолтой байсан И.Доржсамбуу үзүүрлэв. Энэ барилдааны түүхэнд хоёр заан цолтой бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол нь энэ байлаа.
2014 оны модон морь жил

Улсын наадамд найм давж үзүүрлэснээсээ хойш ид хав нь ид жагсаад байсан улсын гарди Д.Рагчаа модон морь жилийн сар шинийн барилдаанд түрүүлэв. Аймгийн арслан О.Хангай энэ барилдаанд үзүүрлэжээ. Д.Рагчаа түрүүлсэн жилийнхээ улсын баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )