MBC телевиз цаг агаарын хөтөлбөрөө 31 жилийн дараа ХААЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын MBC телевиз 31 жилийн тур үзэгчдэд хүргэсэн цаг агаарын мэдээллийн хөтөлбөрөө албан ёсоор хаалаа. Энэ нь ажлын байран дээрх дарамтаас үүдэн амиа хорлосон хөтлөгч У Юн Агийн хэрэгтэй холбоотой юм. 

MBC телевиз 1995 оноос хойш үргэлжилсэн энэхүү хөтөлбөрөө 2026 оны хоёрдугаар сараас эхлэн зогсоосон бөгөөд цаг агаарын мэдээний хөтлөгчөөр ажилладаг байсан Ким Чэ Рим "Өнгөрсөн баасан гарагт цаг агаарын мэдээний хөтлөгчийн хувьд миний сүүлийн өдөр байлаа. MBC-д өнгөрүүлсэн таван жилийн хугацаанд би камерын өмнө цаг агаарын мэдээг үргэлж баяр баясгалан, догдлол дүүрэн хүргэж байсан. Харамсахгүй байна, учир нь би эфирт гарах бүртээ чадах бүхнээ дайчилж ажилласан. Гэхдээ хийх дуртай ажил минь ийнхүү дуусаж байгааг хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр зүрх шимшрэм, хүнд байна" гэжээ. 

Түүнээс гадна өөр гурван цаг агаарын мэдээний хөтлөгч мөн ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд өнгөрсөн онд ажлаа өгсөн хөтлөгч нь талийгаач У Юн А-г дарамталдаг байсан болох нь тогтоогдсон байна. 

Талийгаач У Юн А амиа хорлохоосоо өмнө хэрхэн дээрэлхэлтэд өртдөг байсан тухайгаа 17 хуудас бичвэр бичсэн байсныг түүний гар утаснаас олсон бөгөөд уг хэрэгт дөрвөн хөтлөгчийг хамааруулан шалгаж, нэгд нь сахилгын хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлжээ. Талийгаачийн гэр бүлийнхэн түүний эсрэг гомдол гаргаж 510 сая вон нэхэмжлээд байгаа аж. 

Ийнхүү цаг агаарын хөтөлбөрийг цуцалснаар цаг агаарын мэдээг мэдээний хөтлөгч нар хариуцан мэдээн дундуур үзэгчдэд товч байдлаар хүргэхээр болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top