Израилын албад Зүүн Иерусалим дахь НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах агентлаг (UNRWA)-ийн төв байрыг нурааж эхэлжээ. Өнгөрсөн онд Израил тус агентлагийг Хамас хөдөлгөөнтэй хамтарч ажилладаг, зарим ажилтан нь 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагад оролцсон хэмээн буруутгаж, өөрийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглож байсан билээ.
Харин НҮБ-ын агентлаг үүнийг няцааж байгаа ч 2024 оны наймдугаар сард НҮБ Израилыг зөвтгөж, харьяа агентлагийнхаа есөн ажилтныг ажлаас нь халж байсан юм. Иордан голын баруун эрэг дээрх UNRWA-ийн салбар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.
Тус агентлагийн захирал Роналд Фридрихийн ярьснаар, тус барилга нэг жилийн хугацаанд хүнгүй байгаа бөгөөд ажилтнууд нь сүрдүүлэг байнга авдаг тул оффистоо ирэхээ больжээ. Мягмар гарагт Израилын албад тус барилгад үлдсэн бүх тоног төхөөрөмжийг хураан авч, хамгаалалтын албаныхныг хөөн гаргажээ.
Израилын энэ үйлдэл нь НҮБ-ын объектуудын аюулгүй байдлыг баталгаажуулсан олон улсын эрх зүйг зөрчиж байгааг Фридрих онцолсон байна.
UNRWA нь Газын зурвас, Иордан голын баруун эрэг болон Зүүн Иерусалимд амьдарч буй 2.5 сая палестин хүнд тусламж үзүүлэх зорилготой бөгөөд дүрвэгч статустай бүхий л хүмүүсийг хамгаалах үүргийнхээ хүрээнд Сири, Иордан, Ливан дахь гурван сая дүрвэгчид тусламж үзүүлдэг байна.
Харин Израилын тал нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүнлэгийн байгууллагуудын дүрмийг чангатгана гэж мэдэгджээ. Тухайлбал, Хил хязгааргүй эмч нар, Хил хязгааргүй сурвалжлагчид зэрэг байгууллагын лицензийг шинэ дүрмээр сунгана гэдгээ мэдэгдээд байна.
Израилын эрчим хүчний яам мэдэгдэл хийж, Израилын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа UNRWA—ийн бусад объектуудын цахилгааны лхагва гарагаас эхлэн тастаж, цаашид усыг нь хаана гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )