
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус зам цаг агаарын таагүй нөхцөлд буюу шуургатай байж тамирчдын жинхэнэ шандасыг шалгажээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн турш шуурсан байна. Найм дахь гараанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 5 цаг 16 минут 19 секундэд замаа туулснаар нийлбэр дүнгээр 26, Ралли-2 ангилалдаа 16 дугаарт жагслаа. Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 5 цаг 25 минут 37 секундээр нийт тамирчидаас 30, Ралли-2 төрөлд 20 дугаарт эрэмбэлэгдээд байна.
Мотоциклийн төрөлд өчигдөр Аргентиний Лусиано Бенавайдес дахин түрүүлж, Австралийн Даниель Сандерс, Америкийн Рикки Брэйбек нар удааллаа. Бенавайдесын хувьд мотоциклийн төрөлд гурав дахь гараандаа түрүүлж байгаа нь энэ.
Өнөөдөр “Дакар ралли” уралдааны хоёрдугаар хагасын марафон гараатай. Хоёр өдөр мөн л механик сервисийн баггүй өөрсдөө төлөвлөгөөгөө боловсруулж уралдана. Тамирчид Вэйд-Адь-Дэйвашир хотоос хөдөлж хээрийн түр баазад хоноглох хүртлээ 541 км зам туулна. Өөрөөр хэлбэл, тамирчид өнөө шөнийг цөлийн дунд майхандаа өнгөрөөх нь ээ. Тэгвэл уралдааны цаг тооцох зам нь 418 км бөгөөд замын нөхцөл байдлыг зураглавал 73 хувь нь шороо, 12 хувь нь элс, 8.0 хувь нь элсэн манхан, 7.0 хувь хадархаг байх аж. Мотоциклчид машин, ачааны машинаас өөр маршрутаар явахаараа онцлогтой.




Сэтгэгдэл ( 0 )